Нагояа башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Монголын хоёр их аварга 13, 12 даваатай учирсан. 2 унаатай Даваажаргал давбал хоёр аваргын унаа, даваа тэнцэж, хайнаа хагалах барилдаан гарах байсан ч, Какурю ёрикири мэхээр Даваажаргалыг дэвжээнээс түрэн гаргалаа. Тэд өмнө нь 48 удаа таарч, Даваажаргал 41, Какурю 7 давсан статистик үзүүлэлттэй байсан. Тэгвэл энэ тооны харьцаа 41:8 болов.
-Нагояа башёд би анхныхаа түрүүг авч байсан. Түүнээс хойш Нагояагийн башёд амжилт үзүүлж чадалгүй ирсэн. Тэр тусмаа Нагояагийн сүүлийн 3 башёг бэртлийн улмаас орхисон. Нурууны бэртэл сэдэрч байсан. Энэ бүхэн нь Нагояагийн үзэгчдийн өмнө буруутай, өртэй үлдээсэн мэт сэтгэхүйг надад төрүүлсэн. Тиймээс би Нагояагийн үзэгчдийн өмнөөс хичээсэн, зүтгэсэн. Анхны ялалтандаа ч Нагояагийн үзэгчдийн халуун дэмжлэгээр хүрсэн. Тэгвэл энэ өдөр Нагояагийн үзэгчдээ баярлуулж чадсандаа туйлын баяртай байна гэж 6 дахь түрүүгээ авсан , өдгөө 33 настай их аварга Какурю Ананд NHK телевизэд хэлэхдээ онцоллоо.
Э.ОТГОО