Индонез улсад зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Азийн АШТ-ий шигшээ 32 тамирчинд анх удаа Монголын тамирчин шалгарсан амжилтыг үзүүллээ. Энэ бол Монголд Ширээний Теннис хөгжсөн 60 жилийн түүхэнд гаргаж буй Монголын тамирчны дээд үзүүлэлт. Энэ амжилтын эзэн нь спортын мастер Батбаярын охин Должинзуу байлаа. Нэгбүрчилсэн төрлийн шилдэг 32-т үлдээд Энэтхэгийн тамирчинтай таарсан. Энэтхэг бол теннис өндөр хөгжсөн орон. Өнгөрсөн ДАШТ-ээс Энэтхэгийн эрэгтэй, эмэгтэй аль аль баг нь "А" хэсэг буюу, Хятад, Япон, Солонгос, Герман, Швед зэргийн теннис өндөр хөгжсөн 24 улс оронтой өрсөлдөх болсон. Ийм л теннис эрч хүчтэй хөгжсөн улсын тамирчинд цөөн оноогоор ялагдсан гэж Монголын ШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах онцоллоо.
Батбаярын Должинзуу. Улсын АШТ-ий мөнгө, хүрэл медальтай. 2019 оны Нийслэл хотын аварга. Теннисний эрдэмд Хятадын Тяньжин хотод анхлан суралцсан. Эрдэнэт хотод өссөн, Эрдэнэт Үйлдвэрийн санхүүжилтээр Хятад улсад теннисний сургуульд шамдсан. Эрдэнэт хотын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцдог. Зүүн, баруун аль ч талаас топ спин хийж, баруун талаас хурдтай, хүчтэй довтолдог арга барилтай шилдэг тоглогчийн нэг. Сүүлийн 4 жил насанд хүрэгчдийн УАШТ-д финалдаж буй ч, аваргын тавцанд хараахан зогсож амжаагүй яваа теннисчин бүсгүй.
О.Гоо-Оюун