Чөлөөт бөхийн олимпийн эрхийн оноо олгох “The first last Chance” тэмцээний сонгомол бөхийн дагах барилдаанууд явагдаж байна. Хэсэг хугацааны дараа тэмцээний нээлтийн ажиллагаа эхэлнэ.
Харин маргааш эмэгтэйчүүдийн 48 кг жинд ОУХМ О.Намуунцэцэг Монголын тамирчдын салхийг хагалж олимпийн эрхийн төлөө хүч үзнэ. Буян-Ухаа спортын ордон үзэгчдээр дүүрэн байна Энэ үеэр МУГТ Батцэцэгтэй цөөн хором хөөрөлдөө.
-Анх удаагаа Монголд чөлөөт бөхийн томоохон тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцаач
80 гаруй орны 600 гаруй тамирчид хүрэлцэн ирсэн томоохон тэмцээн Монголд болж байгаад сэтгэл өндөр байна. Манайхан Зохион байгуулалтыг сайн хийж чадаж байна. Ер нь бол гаднынхнаас дутах юм алга. Маргааш хоёр эмэгтэй тамирчин маань барилдана. Манай гурвын хувьд нутагтаа эрхийн тэмцээнд орно гэдэг үнэхээр давуу тал. Тиймээс ард түмнийхээ уухайн түрлэгээр олимийн эрхээ авчих болов уу гэж их найдаж байна.
-Олимпийн бэлтгэл сургуулилт хэр хангагдаж байна вэ Олимпийн бэлтгэлийн суурийг энэ өвлөөс эхэлж хийж эхэлсэн.
Бэлтгэлийн хувьд сайн байна. Олимпоос өмнө хоёр том тэмцээн хүлээж байгаа.
-Тэмцээний талаар гадны тамирчдын сэтгэгдэл хир байна вэ. Хамтарч бэлтгэл сургуулилт хийдэг олон бөхчүүд энд ирсэн байх
Тиймээ. Таньж мэддэг олон тамирчид хүрэлцэн иржээ. Тэд Ирэхээсээ өмнө Монголын талаар сонин сэтгэгдэлтэй байснаа хэлж байсан. Халуун усанд оочерлодог, интернет гэдэг юмыг мэдэхгүй тийм газар очно гэж бодож байсан гэсэн. Харин ирээд төсөөлж байснаас нь шал өөр байгааг хэлж байна. Монголын байгаль цаг агаар, хөх тэнгэр, хоол гээд олон зүйл сэтгэлийг нь татжээ.
А.САЯН