О.БАДАМЦОО: МИНИЙ АХ ПҮРЭВДОРЖ УРАН ҮГИЙН МАСТЕР, ХАРИН БИ ХОРОН ҮГИЙН МАСТЕР ГЭЖ САНЖМЯТАВ БАГШ МААНЬ ХОШИГНОХ ДУРТАЙ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж)

2019-12-04  

Би ширээний теннисний өнөр өтгөн гэр бүлийн гишүүн. Миний аав спортын мастер, дасгалжуулагч Чулууны Отгонбаатар боксын ширэн бээлийгээ теннисний ширээгээр сольсон 1976 оноос эхлэн манайхан гэр бүлээрээ ширээний теннист дурлацгаасан. Аав маань ширээний теннисээр өөрөө хичээллэхээс гадна, өөрийн дөрвөн хүүхэд, зээ Лувсанцэрэнг теннисэнд татан оруулсан. Түүнчлэн миний нагац ах Цэдэнбалжир Монгол улсын дөрвөн удаагийн аварга, үеэл Нацагдорж ч сайн теннисчин. Манай гэр бүл ширээний теннисний хамгийн том гэр бүл гэдгээр би ямагт бахархдаг.

Нэргүй багш. Монголын Ширээний Теннисний түүхэнд Цэдэнбалжир аваргын хамт 16 ( улсын аварга хоёр жил тутамд нэг удаа зохиогддог байв) жилийн турш хаан суусан, улсад дөрөв түрүүлсэн гайхамшигтай тоглогч.

Тэртээх 1983 оны намрын тэр нэг өдөр аав маань намайг хөтлөн "Хоршоолол" нийгэмлэгийн дасгалжуулагч, спортын мастер, Монгол улсын дөрвөн удаагийн аварга Монхорын Нэргүй багшид шавь болгон оруулснаар би ширээний теннисээр эргэлт буцалтгүй хичээллэж эхэлсэн.

1998 он. Оросын Чита хот. Ширээний теннисний буянаар олон ч улсын хилийн дээсийг алхсан.

Ширээний теннисний ач буян ч их. Одон бөмбөгөө дагаж ертөнцийн олон оронд хөл тавьсан. Хамгийн анх, 1988 онд ЗСБНХУ-ын Чита хотод Олон хотын уулзалт тэмцээнд оролцохоор хилийн дээс алхсан.

Бид нэг үеийнхэн. Манай үеэс төрсөн улсын гурван аварга Галбадрах, улсын хоёр удаагийн аварга Жаргалсайхан, Холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж асан Амараа нартай үеийн теннисчин охидын хамт гэрэл зургийн студид зургаа татуулсан.

Тэр цагаас хойш эх орныхоо нэрийн өмнөөс дэлхийн болон тивийн, олон улсын чанартай олон тэмцээнд оролцсоноос Японы Нигата хотод зохиогдсон 1992 оны Барселоны зуны олимпийн эрх олгох Ази тивийн АШТ миний хувьд мартагдашгүй дурсамж үлдээсэн. Тэрхүү Азийн аварга ШТ-ий хаалтын ажиллагааны үеэр Азийн ширээний теннисний холбооны Ерөнхийлөгчөөс Барселоны зуны олимпод оролцох эрхийг (цагаан хуудас) гардан авч байсан мөч бол теннисчин хүний дээд хүсэл мөрөөдөл биелсэн мөч байсан.

Тайландад болсон Ази тивийн АШТ-нд анх удаа шүүгчээр оролцсон минь. Багийн ахлагч Амарсанаа, багийн дасгалжуулагч Галбадрах, эрэгтэй шигшээ багийн тоглогч Лхагвасүрэн, Бэгз, Билэгт, эмэгтэй шигшээгийн тоглогч Батхишиг, Дэлгэрмаа, Должинзуу нарын хамт.

Өнгөрснөө дүгнэж үзэхэд, ДАШТ-д нийтдээ зургаан удаа оролцжээ. 1995 онд БНХАУ-ын Тяньжин хотноо улсын аварга Ц.Наран, Оюун-Эрдэнэ, 1997 онд Английн Манчестер хотноо улсын аварга Г.Мөнхцэцэг, Б.Лхагвамаа, 2001 онд Япон улсын Осака хотод улсын аварга Лхагвасүрэн, Оюун-Эрдэнийн хамт багаар, 2003 онд Франц улсын Парис хотод нэг бүрчилсэн төрөлд тамирчнаар тус тус оролцож, харин 2010 онд ОХУ-ын Москва хотод зохиогдсон ДАШТ-д багийн албаны төлөөлөгчөөр оролцжээ.

Аав Отгонбаатар, хүргэн ах Эрхэм, нагац ах, улсын дөрвөн удаагийн аварга Цэдэнбалжир, Бадамцоо, дүү Хатанбаатар

Миний бие 2014 онд Монгол улсаас анхны эмэгтэй Олон улсын зэрэглэлийн 14940 дугаартай шүүгч болж, 2015 онд Тайланд улсад зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнд шүүгчээр ажилласан.

Аав маань насаараа теннисний бөмбөг хөөсөн. Аавтайгаа хослох урамтай.

Амжилтаасаа товчилбол; Нэгбүрчилсэн төрлөөр 1997 оны улсын аварга, 1990, 2003, 2006, 2008 онуудад дэд байр, 1991, 1992, 2004, 2005, 2007 онуудад гуравдугаар байр, МШТХ-ны дээд лигийн нэг бүрчилсэн төрлийн 2008, 2012 оны аварга, 2011 оны дэд байр ба МБАТС, УАШТ-нээс баг, дан хос, холимог хосын төрөлд алт, мөнгө, хүрэл медаль, Ахмадын УАШТ-ний долоон удаагийн аварга, хоёр удаагийн дэд байр эзэлсэн амжилтыг тус тус үзүүлсэн байх юм. Мөн 2018 онд АНУ-д зохиогдсон Ахмадын ДАШТ- д анх удаа оролцон шигшээ 16 буюу 1/8-д шалгарсан амжилт үзүүлж, 60- н жилийн түүхтэй теннисний хамт олонтойгоо жижиг цагаан бөмбөгөөрөө наадсаар явна.

Барселона-гийн зуны олимпийн эрхийг авсан Токиогийн Ази тивийн АШТ-ий үеийн дурсгалт зураг

Миний ээж Цэцэгмаа өөрөө теннис тоглоогүй ч, хань Ч.Отгонбаатар болон Монголын ширээний теннисний хамт олонд зориулан "Одон бөмбөг онцгой тоглоом" гэх сэтгэлийн өчилөө шүлэглэн буулгасныг энэ ялдамд толилуулья.

Миний ээж Цэцэгмаа. Теннисэнд дуртай болгож биднийг хүмүүжүүлсэн. Бид нар хаана байна, тэнд л биднийгээ дэмжиж явдаг. Аавын дурсгалд зориулж " Одон бөмбөг онцгой тоглоом" дууны шүлгийн үгийг бичсэн.

Одон бөмбөг онцгой тоглоом

Одон бөмбөг онцгой тоглоом

Ойж буух нь олон янз

Овсгоо самбаа, оюун ухааны

Онч мэргэн хөдөлгөөн шаардсан

Одон бөмбөг оюунлаг тоглоомоо

Ширээний теннис шилдэг тоглоом

Шидэт цохиурын зиндаа дугаартай

Шилмэл хөдөлгөөний шидийг гайхуулсан

Шинжиж сонжих сонирхол төрүүлсэн

Ширээний теннис шидэт тоглоомоо

Ганцаарчлан тоглоход гоц авъяасыг илрүүлдэг

Хосоороо тоглоход холч ухааныг шаардсан

Багаараа тоглоход бахдам эвийг илчилдэг

Байнгын үзэгчидээ баярлуулж чаддаг

Бардах сэтгэлийг төрүүлдэг тоглоомоо

Насны ангиллаар тоглодог нарийн дэглэмтэй ч

Насны хяруу унахад тэтгэвэрт гаргадаггүй

Өвөө эмээ болсон ч өөдрөг сэтгэлээр тоглодог

Өтлөх насыг удаашруулдаг

Өвчин эмгэгийг илаашруулдаг тоглоомоо

 

Шүлгийг Шаравжамцын Цэцэгмаа 2012 он

 

Хянана эмхэтгэсэн: Ц.Энхбат 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?