2019 ОНД БОЛЖ ӨНГӨРСӨН СПОРТЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД /ЦУВРАЛ 1/

2019-12-21  

Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга боллоо

Монголын тулаанчдаас  мэргэжлийн боксын рингэнд хамгийн амжилттай тулалдаж буй тамирчин бол МУГТ, сонирхогчдын боксийн ДАШТ-ий болон олимпын наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт юм. Сонирхогчдын боксын шударга шүүлтийг эрс эсэргүүцэж, мэргэжлийн боксын дэвжээг сонгосон манай тамирчин энэ оны нэгдүгээр сард  хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө Доминикан улсын боксчин Клаудио Марреротой 12 үеийн турш тулалдаж, ялалт байгуулсан юм.  Ийнхүү тэрбээр IBO холбооны аварга цол, бүсийг эзэмших эрхтэй болсон. Мөн  боксын рингэн дэх 11 тулаанд ялалтаа авсан юм.   Н.Төгсцогт дараагийн тулаанаа ирэх оны нэгдүгээр сард  WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа АНУ-ын тамирчин 30 настай Гарри Расельтай хийнэ.

Наадмын түрүү бөхөөс сэргээш илрэв 

Үндэсний их баяр наадамд амжилттай барилдаж, шөвгөрсөн бөхчүүдийн сэргээшийн шинжилгээ авдаг болсон. Түүнээс хойш жил болгон л бөхчүүдээс сэргээш илэрч, хэл ам таталж, үндэсний спортынхоо нэр хүндийг унагасаар байгаа. Тэгвэл энэ жил баяр наадамд түрүүлж, Улсын аварга цол хүртсэн э.Оюунболдоос сэргээш илэрч, дуулиан дэгдээсэн билээ.  Сэргээшийн шинжилгээний хариу гарсан, хоёр бөхөөс допинг илэрсэн гэсэн мэдээлэл наадмын дараахнаас гарсан. Шөвгөрсөн бөхчүүд ээлж дараалан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, сэргээш хэрэглээгүй гэдгээ хэлсэн юм. Тэгвэл наймдугаар сарын 12-ны өдөр Үндэсний баяр наадмын комиссын Үндэсний бөхийн комиссоос хоёр бөхөөс сэргээш илэрснийг албан ёсоор зарлав. Гэхдээ хэн гэдгийг нь хэлээгүй. Б сорьцоо шинжлүүлэх хүсэл гаргасны дараа баталгаажуулж байж зарлана гэж байлаа. Гэвч МҮБХ-оос маргааш нь Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн хэмээн зарлаж, цолоо хураалгахыг шаардсан юм. Харин наймдугаар сарын 17-ны өдөр Э.Оюунболд шүүхэд хандсан. Асуудал ийнхүү даамжирч явсаар эцэстээ Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох гэсэн хоёр бөхөө сэргээш илэрснийг албан ёсоор зарлав. Баяр наадам зохион байгуулах хороо ч хуралдаж, тэдний цолыг хураахаар болсон. Одоо Ерөнхийлөгч шийдвэрээ гаргахыг л хүлээж байгаа билээ.  

Ирэх дөрвөн жил оросын тамирчид олимп, дэлхийн аваргад оролцохгүй

ОХУ-ын Допингийн Эсрэг Агентлаг нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийг зөрчсөн. Ийм дүгнэлтийг Дэлхийн Допингийн эсрэг Агентлагийн Гүйцэтгэх Хорооноос саяхан гаргалаа. Ийм дүгнэлт гаргасан тохиолдолд тодорхой хэмжээний шийтгэл оногдуулдаг туршлагатай юм байна. -Ирэх дөрвөн жилд ОХУ-ын тамирчид спортын бүхий л төрлийн олон улсын тэмцээнд оролцох, энэ тѳрлийн тэмцээнийг эх орондоо зохиох эрхийг нь хязгаарлалаа. Олимп, дэлхийн АШТ-д ч Орос улсын нэрийн ѳмнѳѳс, тус улсын далбаан дор нэгдэн жагсах, оролцох эрхгүй. Хувь тамирчин оролцох тохиолдолд Олимпийн Хорооны далбаан дор л оролцох эрхийг эдэлнэ.

 

 

Э.Отгоо

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?