2019-2020 оны Испанийн Супер цомыг "Реал Мадрид" болон "Валенсия" клубүүд булаалдлаа. Испанийн Ла лигийн хүснэгтийг тэргүүлж эхэлсэн "Реал" энэ улиралд лигтээ түрүүлэх зорилго тавьж байгаа нь тодорхой. Харин "Валенсия" сүүлийн 7 тоглолтод хожигдоогүй явж байсан юм. Мөн Аваргуудын лигт хасагдах шатанд шалгарсан. Тэгвэл хоёр багийн "тулаан"-д "Реал Мадрид" илүүрхэж, өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авснаар шигшээ тоглолтод шалгарч үлдлээ. Тоглолтын 15 дахь минутад Тони Кроос гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Иско 39 дэх минутад нэгийг нэмсэн бол Модрич 65 дахь минутад гүйцээжээ. "Валенсия"-гаас Парехо 90 дэх минутад нэр төрийн ганц гоол оруулсан. Өнөө шөнө "Барселона" болон "Атлетико Мадрид" багууд тоглоно. Хожсон нь "Реал"-тай цом булаалдах юм.
Э.Отгоо