Энэ сарын байдлаар Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Өвс тэжээлийн хомсдол, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж төл мал бээрэх, өлдөх, дарагдах эрсдэлүүд гарч эхэлж байгаа аж. Аймгийн хэмжээнд 15 мянга гаруй малчин өрхийн 5.6 сая толгой мал өвөлжиж байгаагаас сум хооронд болон Архангай, Баянхонгор, Төв, Булган, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий, Дундговь, Өмнөговь аймгийн нутагт 1500 гаруй малчин өрх отор нүүдэл хийж яваа юм. Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан отрын штаб малчдаа эргэж тойрч,засгийн газрын шийдвэрээр өвөлжилт тааруу байгаа аймгуудад өвс тэжээл, санхүүгийн тусламж үзүүлсний дагуу 50 сая төгрөгийг авсан бөгөөд цас ихтэй дөрвөн суманд санхүүжилт олгож, малчдад нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
Э.Сувдаа