ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ НЭН ШААРДЛАГАТАЙ

2020-01-16  

Ходоодны хорт хавдар гэх аюулт өвчин нь дэлхий дахинд хорт хавдрын нас баралтын дунд 3-р байранд ордог бөгөөд уг өвчнөөр өвдсөн хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь 5 жил амьдардаг маш түргэн  явцтай, нас баралт өндөртэй, аюултай өвчин юм.  Дэлхий нийтэд жил бүр ойролцоогоор 1 сая ходоодны хорт хавдар өвчин шинээр оношлогдож буй бөгөөд ойролцоогоор 723.000 хүн уг өвчний улмаас нас барсан байна . Уг өвчний нийт тохиолдлын бараг тал орчим хувь нь зүүн Азийн орнуудад (БНСУ, Хятад, Япон, Монгол зэрэг) тохиолддог. Ходоодны хорт хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой. БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд нь ходоодны хорт хавдрын нийт тохиолдлоороо дэлхийд тэргүүлэгч орнууд ч гэсэн эрт илрүүлгийн хөтөлбөрийг амжилттэй хэрэгжүүлснээр уг өвчний нас баралт жил ирэх тусам буурч байгаа бөгөөд нийт нас баралтын тохиолдлоороо Монгол улсаас барагцаагаар 2 дахин бага байна. 

Шалтгаан: Ходоодны хорт хавдар нь удамшлын суурин дээр орчны олон төрлийн хүчин зүйлс нөлөөлсний үр дүнд үүсдэг өвчин юм. Ходоодны хорт хавдар үүсгэгч хамгийн гол шалтгаан нь Хеликобактерийн халдвар бөгөөд уг өвчнийг үүсэхэд нөлөөлөх бусад хүчин зүйлсэд тамхины хэрэглээ, нитрит болон давсны өндөр хэрэглээ, Еппштейн Баррын вирусын халдвар, удамшил  зэрэг нөлөөлдөг байна. Судалгаагаар ходоодны гарах хэсгийн хорт хавдрын нийт тохиолдлын  75 хувь нь Хеликобактерийн шалтгаантай байдаг бөгөөд ходоодны орох хэсгийн хорт хавдар ба Хеликобактерийн халдварын хамаарал тодорхой бус байна. Ходоодны хорт хавдар эрт үедээ оношлогдвол хавдрыг улаан-хоолойг ходоодны уян дурангийн аргаар дотор талаас нь салст хуулах, салстын доод давхаргыг хуулах аргаар эмчлэх боломжтой байдаг. Харин хожуу шатны хорт хавдрын эмчилгээ нь  өртөг өндөртэй байдаг бөгөөд мэс засал, клиник хавдар судлал, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ гэх мэт олон нарийн мэргэжлийн эмч мэргэжилтний баг эмчилгээний үйл ажиллагаанд оролцдог ч  үр дүн маш муу байдаг. ХСҮТ-д жил бүр дунджаар 300 орчим ходоодны хорт хавдрын мэс засал хийгддэг бөгөөд манай оронд дээр дурдагдсан ходоодны эрт үеийн хорт хавдрын үед дурангаар салст хуулах ESD EMR эмчилгээний аргууд нэвтрээд олон жил болж байна. Иймээс ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг улсын хэмжээнд эхлүүлэх нэн шаардлагатай.

 

 

Эх сурвалж: HiDoctor.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?