ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭМЖИХ ШАЛГАРСАН АРГА БОЛ УУЛАНД АЛХАХ ЮМ

2020-01-28  

Амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрөөж, дасгал хийснээр та зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх боломжтой. Стрессийг дагаад маш их хортой бодис, айхтар муу юмнууд их үйлдвэрлэгддэг юм байна. УНТЭ-ийн Зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболдтой зүрхний өвдчлөлөөс бид хэрхэн сэргийлэх тухай ярилцлаа.

-Зүрх судасны өвчлөл илүү залуужих болжээ. Үүний шалтгаан юу вэ?

-Шинжлэх ухаан асар хурдацтай хөгжсөнөөр өнөөдөр олон зүйлийн учир тайлбарлагдаж байна. Дээр үед гурван цагаан хор гэж өөх, сахар, давсыг хэлдэг байсан. Судалгаа шинжилгээнүүд нарийсаад эхэлсэн чинь микроб, бактерийн гаралтай өөрчлөлтүүдээс болж зүрх судасны өвчин үүсдэг гэдгийг тодруулсан. 10 жилийн өмнө амандаа бохиртой, халдвар ихтэй, амны эвгүй үнэртэй хүмүүст зүрх судасны өвчлөл их байна гэсэн судалгаа байлаа. Сүүлийн таван жилд хэвийн бичил биетэн макробиом шалтгаалаад зүрх судасны өвчлөл үүсдэг гэдгийг тогтоожээ. Макробиом гэдэг бол хүний бие организмд байдаг – жишээлвэл ходоод гэдэсний замд 10кг микро-организм бий. Хэвийн байх ёстой микробуудын харьцаа алдагдаад ирэхээр сахар, зүрх судасны өвчлөлүүд, хавдар зэргийг үүсгэж байна.

-Хооллолт үүнтэй хамааралтай юу?

-Хэвийн бичил биет организм болох макробиомыг байх ёстой хэмжээнд нь байлгах хэрэгтэй. Энэ нь юу вэ гэвэл байгалийн эко цэвэр хүнс гэдэг зүйлс. Монголчууд их азтай. Урьд нь тараг, сүү, айраг зэргийг амин хүчлийг ууж идэж байгаа тэжээллэг бодисоор нь бодож тайлбарладаг байсан. Айраг иснэ гэдэг бол микроб, маш олон төрлийн микроб үржиж байна гэсэн үг. Та нарын мэдэхээр айраг исэхдээ бетон савыг хөөлгөөд, задардаг. Тэгэхээр тэр их био-үйлдвэрлэлийн процесс, түүнийг идэж хэрэглэдэг учир айргаар дамжин тэр хэвийн бичил биетэн байх ёстой организмд ордог юм байна. Тэгэхээр монгол хүн жилдээ нэг удаа амралтаараа яг гүүн зэлэн дээр очоод айргаа исч байхад уух хэрэгтэй. Бид ямар зүгээр нэг сүү, амин хүчил янз бүрийн зүйл идэж уух гээд байгаа биш, тэр исгэж байгаа микробыг нь хэрэглэх гээд байна шүү дээ. Манайхны гэдэс цайлгана гэж ярьдаг шиг бид айраг, таргаар дамжуулж авдаг юм байна. Ингээд ирэхээр энэ дотор буй харьцаа нь алдагдсан эмгэг муу бактериуд нөгөөх айраг тарагны жинхэнэ бактериудад хөөгдөөд  эрүүлжиж эхэлдэг юм байна. Монгол хүн амьд бактеритэй байх, гүүн зэлэн дээр исч буй шинэ айраг, тараг уух асуудал нь маш чухал. Одоо маш их судалгаа гаран, батлагдчихсан тул монгол хүнд хамгийн их бололцоотой хүчин зүйл болох байгаль ахуйтайгаа ойрхон очвол их сайн. Ер нь зүрх судасны өвчлөл монголчуудад харьцангуй бага байсан. Сүүлийн жилүүдэд хотжилт нэмэгдсэнтэй холбоотой түүнчлэн дээр дурьдсантай уялдаатай асуудал их гарах болсон. Яахав ээ, давс, сахар, өөх гээд ярьдаг байсан. Сүүлийн үед өөх тосыг чинь сайн муу өөх тос гэж ялгах болсон. Англи хэлнээ Wild Nut гэгддэг байгалийн, зэрлэг самарын тос буюу ургуулаагүйг хэрэглэх хэрэгтэй. Одоо үед энэ самар эд нар гээд бүгдийг нь ургуулчихдаг юм байна. Гэтэл бид нарын мэдэх хуш модны самарыг Хятадууд маш өндөр үнэтэйгээр аваад дуусгачихлаа. Байгалийн цэвэр самарын өөх тос, ургамлын өөх тос, байгалийн амьтны цэвэр өөх тос бол маш сайн байдаг юм байна.

-Өөх идэх нь ашигтай юу?

-Өөх тосыг багасгаад ирэхээд хавдар тусах нь ихэсчдэг. Түүнчлэн өөх тос багасаад ирэхээр янз бүрийн сэтгэцийн өөрчлөлт, гутрал гэх мэт зүйлс гарч ирдэг. Тиймээс бид өөх тосны тал дээр их ухаалаг, зөв хандах хэрэг гарч байна. Ялангуяа залуу хүүхдүүд таргалуулдаг гэх мэт буруу ойлголтоос үүдэн өөх тосноос зугтаах талтай. Гэхдээ одоо ажиглаад байхад овоо засагдаж, өөх тос муу гээд хажиглаад ялгаж хаях нь гайгүй болчих вуу гэж бодож байна. Гэхдээ л үүнийг сайн мэдэрч байх ёстой. Хоёрдугаарт стресс гэгч зүйл хамгийн аюултай юм байна. Сайхан тайвшрах, амрах, стресснээс холдох ядаж амралтын өдрүүдээр уул модонд явж биеийн ачаалал авах нь зүрх судасны өвчлөл бага байх асуудалд маш их хэрэгтэй.

-Стресс нь зүрхний үйл ажиллагаа доголдох шалтгаан болдог уу?

-Бухимдаад таг суугаад байх юм бол маш их стресснээс болоод маш их хортой бодисууд, айхтар муу юмнууд их үйлдвэрлэгддэг. Тэгээд ирэхээр судсандаа мөн зүрхэндээ нөлөөлөөд эхэлдэг. Тэгэхээр иймэрхүү ердийн суурь шинжлэх ухаанд батлагдсан зүйлсийг залуучуудад их сайн ярьж, хэлж ойлгуулах асуудал жаахан чамлалттай харагдаад байгаа юм.  Гэхдээ тэгэж хэлэхээр хүндээ буухгүй байна. Хүн амьд юм чинь уурлана, уцаарлана, баярлана, гомдоно гэхдээ архаг стрессний байдалд орж болохгүй. Тиймээс “ерөөсөө болъё, гараад салхинд 5-10 минут агаар амьсгалъя, амралтын өдрөөр гэр бүлтэйгээ хүүхэдтэйгээ хөдөө гадаа гаръя” гэж бодох хэрэгтэй. Тэрийгээ бүр толгойдоо суулгах ёстой. Өнөөгийн нийгэм дэх маш өндөр ачаалалтай, амьдрал нь хурдссан нөхцөлд өөрсдийгөө амрааж стресснээс ангижрах хэрэгтэй. Хүн амьд байгаа нөхцөлд стрессгүй амьдрана гэдэг хэцүү. Хүнд зөвлөгөө өгч байгааг сонсоход “чи стрессдэхээ боль л доо” гэдэг. Гэхдээ хүн юм бодохгүй, ганц ч секунд болж чаддаг юм уу? Бид буруу шаардлага тавьж байна. Тэгэхээр тэр арга замыг нь зааж өгөх ёстой. Ерөөсөө чи ингээд бухимдаад болохгүй, онцгүй байвал шууд цайныхаа цагаар гараад, талбайгаа гурав тойроод алхаад, ийш тийш сонирхоод ирэх үед стресс тавигдчихна шүү дээ. Тэр байдлаасаа ингээд гарах аргуудыг зааж өгөх хэрэгтэй байна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл стресс гаргадаг эм бий. Зарим тохиолдолд хэрэглэх үе ч бий. Тайвшруулах эм, байгалийн тамхи гэх зэрэг. Тэрийг одоогийн залуучуудад сайн хэлээд “би нэгэнтээ бүтэхгүй зүйлд бухимдаад яахав дээ” гэж стрессээ тайлж сурахыг заах хэрэгтэй. Нөгөө талаар биеийн ачаалал өгөөд байвал сэтгэлийн ачаалал гайгүй болчихно. Ерөөсөө л биеийн тамир. Гэхдээ одоо цагт Богд уул руу, Санзай руу маш их алхдаг болсон гэх мэт зөв зүйлс ажиглагдаж байна.Энэ бол эрүүл амьдрах үндэс. Тэрнээс тэр өөх тос, сахар ярьдаг асуудал өнгөрсөн.

-Зүрх судасны өвчнөөс сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Зүрх судасны өвчлөлөөс эрүүл байя, ангид байя, эрүүл саруул урт насалъя гэвээс дээр дурдсан зүйлийг зөвөөр нь ойлгоод, тохируулаад явах нь зүйтэй. Ер нь организмын бүх зүйл хэр хэмжээтэй. Өөх тос, хөдөлгөөн бүгд л хэмжээнд нь байх ёстой. Дээхэн үед аэробик гэж нэг зүйл байлаа. Тэгсэн цагийн аясад аэробик бас тийм ч сайн зүйл биш гэлээ. Хэт их ачаалал өгч зүрх судас, булчингийн ачаалал хэтрээд ирэхээр тэдгээр эрхтэн томроод, зузаараад, хатуураад буруудаад ирдэг. Тиймээс таарсан ачаалал буюу алхах, ууланд гарах гэх мэтийг хийж байх хэрэгтэй.

 

 

Эх сурвалж: HiDoctor.mn

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?