Шинэ коронавирусийг оношлох оношлуур өчигдөр /2020.01.27/ 22.00 цагийн үед Япон улсаас ирсэн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар манай улс 200 ширхэг оношлуурыг хүлээн авсан бөгөөд цаашид БНХАУ-д хийсэн оношлуурыг авч хэрэглэх талаар ярилцаж байна гэв. Өмнө нь манай улсад дөрвөн төрлийн коронавирусийн халдварыг илрүүлж байсан. Тэдгээр нь нутагшмал тархалттай болсон учраас бид байнга томуугийн тогтолцооны нэг хэсэг болгон оношилж байгаа. Зарим хүн өнөөдөр аппарат тоног төхөөрөмж авлаа гэж буруу ойлгож байна. Аппаратын хувьд ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид бэлэн байсан. Бодит хугацааны PCR буюу Полимеразийн гинжин урвалыг аппаратаар үздэг. Харин эдгээр оношлуурыг өнөөдөр хүлээж авснаар ХонгКонгоос халуунтай ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарах боломжтой боллоо" хэмээлээ.
Э.Сувдаа