Даунтай хүүхэд нь шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал угсаа, удам судраас огт хамаарахгүй төрдөг генетикийн онцгой тохиолдол юм. Энгийн хүмүүс 46 хромсомтой байдаг бол даунтай хүмүүс нь нэг илүү буюу 47 хромсомтой байдаг. Нэг илүү хромсомтой төрсөн эдгээр хүүхдүүд нь энгийн хүүхэдтэй харьцуулахад удаан өсөж бойжин, удаан сурч хөгждөг ч бусдад өөрийгөө ойлгуулж, хамтдаа тоглож наадан нөхөрлөж, үе тэнгийн хүүхдүүдийнхээ дунд байх маш их хүсэлтэй байдаг аж. Гэхдээ Дауны синдром нь халдварт өвчин биш, Сэтгэл мэдрэлийн ч өвчин биш. Энэ бол гутамшиг биш юм. Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 21-ны өдрийг Дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг тунхаглаж, нийгэм дэх тэгш оролцоог нэмэгдүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, өнгө өнгийн оймсоор ижилсэн, улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой олон нийтийн ажлыг зохион байгуулдаг байна. Манай улсын тухайд энэхүү өдрийг 2012 оноос эхлэн тэмдэглэн ирсэн байна.
Э.Сувдаа