Энэ тавдугаар сарын 18-ны өдөр бидний хувьд хүнд хэцүү, хар өдөр байлаа. Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж, тусалсан бүх хүмүүст баярлалаа. Миний хань энэ хорвоод ховорхон ухаалаг, хөдөлмөрч, дайчин, зон олонтойгоо нийтэч, өрөвч сэтгэлтэй, сайн удирдан зохион байгуулагч, 4 сайхан хүүгийн элбэрэлт ээж байлаа. Байгаль орчныг хамгаалах, тарьж ургуулах, хийсэн бүтээсэн зүйлээрээ нутаг орныхоо нэрийг сайнаар гаргах, Сэлэнгэ аймаг, Түнхэл тосгондоо амралт сувилал, аялал жуулчлал, ширээний теннисны спортыг хөгжүүлж орон нутгийн иргэдийн орлого, чадварыг нэмэгдүүлэхийн төлөө эцсийн амьсгалаа хураатлаа өөрийн жаргал, тансаглал, эрүүл мэндээ умартан зүтгэж дээ. Байнга хамт байж, аварч чадаагүй биднийгээ өршөөгөөрэй. Цаашид ч их зүйлийг хийхээр зорьж байсан юм. Гэвч арай л эрт бид бүхнийгээ орхин одлоо. Дээд тэнгэр, бурханы оронд цэцэрлэгч хэрэг болсон юм болуудаа. Миний хань 7 өнгийн солонгоор хөлөглөн тэнгэрийн орондоо заларч, удахгүй үр хүүхдүүдээ эргэж төрөөрэй. Эргээд ирэхэд чинь чинийхээ хүсэж байсан, гүйцээж амжаагүй ажлуудыг заавал хийсэн байнаа. Ум сайн амгалан болтугай.
Эр нөхөр С. РАДНААБАЗАР АНУ, 2020 он.