ХОРХОН ОВОГТ РАВСАЛЫН БАТБАЯР (1957-2020) Эмгэнэл

2020-06-29  

Спортын мастер Р.Батбаяр нь 2020 оны зургадугаар сарын 28-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Улаанбаатар хотын уугуул Р. Батбаяр нь Равсалын гэр бүлд 1957 оны есдүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Равсалын үр хүүхэд бүгдээрээ спорт сонирхдог нь Батбаярт ч нөлөөлсөн. Ах дүү нарын дундаас түүний зулайг гишгэж төрсөн түүний ах Монгол улсын гавьяат Р.Отгонбаяр нь Боксын Дэлхийн АШТ-аас хүрэл медаль хүртсэн дэлхийд данстай тамирчин байсныг монгол түмэн мэднэ.

Батбаяр нь нийслэлийн 10 жилийн тавдугаар сургуульд сурч байх тэртээ 1970 оноос ширээний теннисээр хичээллэж эхэлсэн түүхтэй. Богино хугацаанд амжилт үзүүлж, улмаар 1971 онд Монгол улсын шигшээ багийн гишүүнээр дэвшин орсон. Батбаяр нь ОХУ,БНХАУ, БНАСАУ , БНСУ зэрэг улсад зохиогдсон олон улсын тэмцээнд Монгол улсын нэрийн өмнөөс амжилттай оролцсон туршлагатай тамирчины нэг байсан. Тэрбээр улс, хотын аварга шалгаруулах тэмцээнд Алдар нийгэмлэгийн нэрийн өмнөөс болон хувиараа оролцож, нийтдээ алтан медаль – 12 , мөнгөн медаль – 15 , хүрэл медаль – 24-ийг тус тус хүртсэн Монголын шилдэг теннисчний нэг байв.

Тэрбээр чадварлаг теннисчин төдийгүй, сайн дасгалжуулагч болохоо харуулж чадсан Монголын ширээний теннисний зүтгэлтэн байлаа. 1977 онд Эрдэнэт хотод шилжин, Эрдэнэт хотод ширээний теннисийг хөгжүүлэх ажлыг гардсан гавьяа түүнийх. Улмаар 1988 оноос Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт клубт Батбаяр теннисний дасгалжуулагчаар ажиллах хугацаанд Эрдэнэт хот, Хангарьд спорт клубын теннисчид Улс, Хотын АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медалийг тогтмол авч ирсэн нь Батбаяр дасгалжуулагчийн ширээний теннисэд оруулсан нэгээхэн хувь нэмэр юм.

Тэрбээр Хангарьд спорт цогцолборын дасгалжуулагчаар ажиллаж байхдаа Ялалтын баярын нэрэмжит ширээний теннисний олон улсын тэмцээнийг анх удаа Эрдэнэт хотод санаачилан өндөр төвшинд зохион байгуулсан. Тус тэмцээн нь өдгөө өргөжиж, ОХУ, БНХАУ, БНСУ баг тамирчид жил бүр ирж оролцдог Олон улсын хэмжээний тэмцээн болж өргөжсөн. Батбаярыг Эрдэнэт хотод дасгалжуулагчаар ажиллах хугацаанд Орхон аймгаас нийтдээ ОУХМ -2 ,Спортын мастер – 15, Спортын дэд мастер – 24 , зэрэгтэй тамирчид 50 гаруй төрөн гарсан нь тус хотод ширээний теннис хэр эрч хүчтэй хөгжсөний илрэл юм. Р.Батбаярын Монголын ширээний теннисний спортыг улсад төдийгүй орон нутагт хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж спортын мастер цол, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Монгол улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнаж урамшуулсан юм.

Р. Батбаяр нь өөрөө тоглож, өрөөлийг бэлдэхээс гадна, төрсөн охин Должинзуугаа теннисэнд дуртай болгож өсгөсөн сайн аав юм. Түүний охин Должинзуу аавыгаа залгамжилж, Монгол улсын насанд хүрэгчдийн УАШТ-ээс нэгбүрчилсэн төрөлд 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн шилдэг тамирчдын нэг юм. Улсын шигшээ багийн тамирчин, Батбаярын охин Должинзуу нь Азийн АШТ-д шилдэг 32 -т үлдсэн анхны монгол эмэгтэй тамирчин болж, Монголын теннисний түүхэн дэх дээд амжилтыг одоогоор тогтоогоод байна. Должинзуу нь Токио -2020 зуны олимпод оролцох эрхийн төлөө тоглох Монголын хоёр эмэгтэй тамирчны нэгээр шалгарсан энэ цаг үеийн шилдэг тамирчин болж аавыгаа амьдад нь баярлуулж чадсан тамирчин охин. Батбаяр нь өөрийнхөө ухамсарт амьдралыг ширээний теннисэнд зориулсан чадварлаг тоглогч, сайн дасгалжуулагч, сайхан сэтгэлтэй аав байлаа. Түүний гэгээн дурсгалыг Монголын ширээний теннисчид бөхийн хүндэтгэж байна.

Монголын Ширээний Теннисний Холбоо, Холбооны Удирдах Зөвлөл, тэргүүлэгч, теннисчид

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Мөнххайрханаас:Агуу гэр бүл 2020-06-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?