Micheal Jordan анх Nike биш Adidas-тай хамтарч ажиллахыг хүсдэг байжээ (Nike брэндийн амжилтанд хүрсэн түүх)

2020-06-04  

Фил Найт хэмээх залуу Ореганы их сургуульд суралцдаг жирийн л нэгэн  байжээ. Тэрээр дундын зайн гүйлтийн тамирчин бөгөөд гүйлтийн гутлын талаар нилээд сонирхож судалдаг байв. Тухайн үеийн АНУ болоод бүхий л дэлхий даяар гүйлтийн гутлын хөгжил нилээд тааруу байжээ. Хэдийгээр Германы “Адидас” зах зээлд танигдсан ч жирийн иргэд авч дийлхээргүй их үнэтэй байв. Тиймээс Найт өөрөө гүйлтийн гутал үйлдвэрлэхээр шийдэж “Blue ribbon sports” нэртэй компаниа нээв.

Олон ч судалгаа хийж өөрийн амжилттай ажиллах төлөвлөгөөг боловсруулжээ. Ингээд тэрээр 1964 онд өөрийн түнш Баурманитай хамтран банкнаас 1200 ам долларын зээл аван Японы “Оницука Тайгер” буюу одоогийн ASICS компаниас 300 хос гүйлтийн гутал оруулж ирж худалдаалжээ. Хилээр дөнгөж даваад гутлуудаа ачааны машин дээрээс нь зарж байсан гэдэг түүхтэй. Удалгүй тэдний борлуулалт нэмэгдэж өөрсдийн нэрийн пүүзээ үйлдвэрлэхээр шийдэцгээн компаний нэрээ “Nike” болгон өөрчилж та бүхний мэдэх зөв тэмдэглэгээтэй адил харагддаг логогоо 35 доллараар худалдаж авч байжээ. Ийнхүү одоогийн “Nike”-ийн дүр төрх 1972 онд бүрэлдэн бий болсон юм. 

Хамгийн анхны гаргасан загвар нь “Keds” бөгөөд араас нь дараа дараачийн загварууд үйлдвэрлэгдсээр байжээ. “Nike”ийн нэр хүнд түргэн хугацаанд хурдацтай өсч байв. Хэдий амжилттай байсан ч компани 1984 онд өөрсдийн анхны алдагдлаа хүлээж Филд илүү найдвартай марктенгийн төлөвлөгөө хэрэгтэй болох нь тэр.  

Тэр үед түүнд гайхалтай санаа төрсөн нь тухайн үеийн хамгийн ирээдүйтэй тоглогч Micheal Jordan тай хамтарч ажиллах байв. Дөнгөж багт нэгдээд 2 жил болоод буй тоглогчийн хувьд ийм санал хүлээж авна гэдэг алдаж болшгүй завшаан билээ. 

“Nike” өөрсдийн хамтарч ажиллах саналыг Жорданы менежерт хүргүүлэв. Тухайн үед Жорданы хамгийн дуртай брэнд нь Адидас байсан бөгөөд тэдэнтэй хамтарч ажиллахыг үргэлж хүсдэг байжээ. 

Менежер нь Жорданд “Nike”-ийн тавьсан саналыг уламжилахад тэрээр:

 “Надад тэднийхтэй хамтарч ажиллах сонирхол алга, чиний хийх ёстой ганц зүйл бол өөрийнхөө ажлыг сайн хийж, Адидастай хамтарч ажиллах гэрээг байгуулах.” хэмээн шийдэмгий хэлжээ.  

Харин түүний менежэр Фалк “Nike” бол алдаж болохгүй боломж хэмээн үзэж хамтарч ажиллахыг ихэд хүсч байсан ч Жордантай муудахыг хүсээгүй тул түүний эцэг эхээс хүүгээ ятгахыг хүсчээ. Гэтэл хэдэн өдрийн дараа Жорданы эцэг эх хүүгээ дагуулан “Nike”-ийн ажлын байр дээр хүрэлцэн ирэв. Тэднийг гутлын дизайнер угтан авч өөрийн загваруудаа Жорданд танилцуулав. 

Жордан: Надад адидсын гутлаас хамгийн их таалагддаг зүйл нь намхан ул нь. Энэ гутлын загвар чинь дэндүү өндөр ултай юм…. Гэж хэлэв. 

Тэд Жорданы хүсэлд нийцүүлэн гутлыг оёхоо амлав.

Удалгүй тэд өөр өрөөнд орцгоож цаашдийн төлөвлөгөөгөө хэлэлцэн байх зуур Жорданаас бусад бүх хүмүүс сандарч, чичирцгээж байжээ.

Энэ тухай тэднийг дэргэдээс нь ажиглаж байсан Жорданы менежэр Фалк сүүлд дурдсан байдаг. 

Ингээд тэдний хэлэлцэл Жорданаас эхний 3 жилийн турш  шилдэг тоглогчоор шалгарах, бүх оддын тоглолтонд оролцох эсвэл тоглолт бүр дээр дунджаар 20 оноо авах, тоглолт бүрдээ “Nike”ын гутлыг өмсөх гэсэн гурван болзлыг Жорданаас шаарджээ. Хэрвээ биелүүлэхгүй бол эхний 2 жилийн дотор гэрээгээ цуцлана гэсэн нөхцөлтэйгөөр 5 жилийн турш жил бүр 500,000 долларыг бэлнээр өгөхөө амлан байгуулагджээ. 

Жордан гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнөхөн Адидас дээр очин:

 “Энэ надад санал болгосон “Nike”-ийн гэрээ. Та нар үүнтэй заавал адилхан биш ч дөхөж очих саналыг тавьбал би зөвшөөрхөд бэлэн байна” гэдгээ хэлсэн ч Адидас хүлээж аваагүй гэдэг. 

Ингээд тэд “Айр Жордан 1”-ийг бүтээв. Гэрээний дагуу Жордан түүнийг өмсөж тоглолтондоо ороход  дүрэмт хувцасны дүрэм зөрчсөн хэмээн түүнийг торгоход “Nike” бүхий л торгуулийг төлж барагдуулжээ. 

Жордан тоглолт бүр дээр дунджаар 28 оноо авч “оны шилдэг тоглогч” болоод “хамгийн үнэ цэнэтэй тоглогч”оор дарааллан 5 жил шалгарчээ. Тэр  өөрийн баг “Чикаго Бүлс”- ээ амжилтаараа тэргүүлж байв. 19 насандаа спортын ертөнцөд хөл тавьсан түүний хөрөнгийн хэмжээ хэдхэн жилийн дотор тэрбум болтолоо өсчээ. Гэсэн ч тэрээр үзүүлсэн амжилтандаа огтхон ч хансангүй нэг улирлаас нөгөөд шилжих бүртээ илүү хүчирхэгжиж байв. Түүний нэг тоглолтонд үзүүлэх онооны дундаж 30 болтолоо өсч, багаа оролцсон 82 тоглолтынхоо 78д түрүүлэхэд онцгой хувь нэмэрээ оруулав. Бүгд л Жордан шиг болохыг хүсч, түүнийг танихгүй хүн байтугай нохой ч байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Түүний зурагт хуулга, түүний оролцох тоглолтын билет, түүнтэй холбоотой бүх зүйл тэр үеийн зах зээлд цунами мэт цутган орж ирж байлаа. 

Nike Air Jordan XI Concord | 43einhalb Sneaker Store

Түүний “Nike”-тай хамтарч гаргасан  “Айр Жордан 1” дэлгүүрүүдээр 65 долларын үнэтэй худалдаалагдаж байсан ба нэг жилийн дотор л 100 сая долларын ашгийг авчирав. Бүхий л спорт гутлын зах зээлд тэсрэлт болж 2 хүн тутмын нэг нь өмсөж байлаа. Жорданы нэр хаа сайгүй тархаж хүүхдүүд сагс сайн тоглодог нэгнээ Жордан хэмээн хочилж, Жорданы пүүзийг авна гэдэг өдрийн бодол шөнийн зүүд адил болов. Бүр Жорданыг тоглож байхыг нүдээр үзээгүй хүмүүсч Айр жордонг худалдаж авахаар дэлгүүрт оочирлож байв. 

Тэр цагаас өдийг хүртэл нийт 30н ширхэг Айр Жордны загвар бүтээгдэж олны хүртээл болсон билээ. Шинэ загвар гарах бүртээ сарын дотор л сая гаруй хувь борлогддог энэхүү пүүз бүх түүхэн дэхь хамгийн олон зарагдсан хамгийн шилдэг шилдэг пүүзээр шалгарсан юм.  

Ийнхүү “Nike” болон Жорданы гэрээ хоёр талдаа ашигтайгаар дуусч цагийн уртад үнэ цэнээ алдахгүй байсаар байна…. 

Тэгэхээр “Nike”-ийн амжилтын түүхийг “Micheal Jordan”гүйгээр төсөөлөшгүй билээ. Зөв алхам зөв хамтрагч “Nike” брэндийг амжилтын оргилд хүргэх зам болж өгсөн. Яг энэ тактикаа одоог хүртэл “Nike” ашигласаар байгаа бөгөөд одоогоор “Lebron James”, “Kevin Durant”, “Kyrie Irving”, “ Kobe Bryant” гэх мэт алдартай тоглогч бүртэй гэрээ байгуулсан байгаа юм. Иймээс л “Nike” салбартаа манлайлж бусдаасаа хол түрүүлсэн ашигтай ажиллаж байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?