МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГЧДИЙГ ДЭМЖИЖ ФИФА-ГААС ХАГАС САЯ АМ.ДОЛЛАР ӨГЧЭЭ

2020-09-03  

Олон улсын хөл бөмбөгийн холбоо/FIFA/-ноос Монголын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг дэмжих зорилгоор хагас сая ам.доллар буюу 1,4 тэрбум төгрөгийг олгохоор болсон талаар Монголын хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал Монголын эмэгтэйчүүдийн лигийн сугалааг явуулах үеэр ярьсан байна.

Х.Азжаргал: "ОУХБХ-оос “COVID 19” цар тахлын үед гишүүн холбоодын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг дэмжих зорилгоор халамжийн сангаас 500,000 ам.долларын мөнгөн тусламжийг олгосноор клубүүдийн үйл ажиллагааг дэмжих боломж бүрдсэн сайхан мэдээг дуулгаж байна" гэжээ.

Монголын эмэгтэйчүүдийн лигийн тэмцээн 2020 оны 9 дүгээр сарын 14-нөөс 10 дугаар сарын 10-нд болох бөгөөд нийт 11 баг оролцохоор мэдүүлгээ өгсөн юм. Үүнээс хоёр баг орон нутгаас оролцох Өвөрхангай, Ховд аймгийн багууд юм байна.

ОУХБХ-оос ирүүлсэн мөнгөн тусламжийг эмэгтэй дээд лигт оролцож байгаа 11 клуб тус бүрд 5 сая төгрөг, 2 ээлжийн тоглолтын хувцас, 5 ширхэг бөмбөг зэргийг хандивлажээ.

Улмаар эмэгтэй багтай ажиллаж байгаа дасгалжуулагчидтай гэрээ байгуулан нэг жилийн хугацаанд сар бүр 500 мянга хүртэлх төгрөг цалин олгож, бүх насны охид эмэгтэйчүүдтэй ажиллаж байгаа гишүүн байгууллага, клубүүдийг дэмжин, грассрүүтс, сургалт семинар, воркшоп зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны эмэгтэй хөлбөмбөгчдийн амжилтын түүхээс сөхвөл, МХБХ нь 2015 онд шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж, нэн тэргүүнд 9 насны шигшээ багийг байгуулж, тэднийг тогтмол бэлтгэл сургуулилтаар хангах ажлыг эхлүүлэхдээ эмэгтэй 14 хүртэлх, 19 хүртэлх болон насанд хүрэгчдийн шигшээ багууд багтсан юм. Энэ нь холбооны хөгжлийн бодлогын нэг чухал ажил байсан бөгөөд охид, эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэн тив дэлхийн чанартай, уралдаан тэмцээнд оролцох үүд хаалга нээгдсэн гэж болно.

Улмаар Ази тивдээ тэргүүлэгч, дэлхийд хүчтэй өрсөлдөгч гэгддэг Японы Хөлбөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, энэ хүрээнд 14 хүртэлх насны шигшээ багийг бүрдүүлсэн. Япон улсын мэргэжилтэн, дасгалжуулагч Ики Ёожи тус багийг удирдаж тивийн чанартай хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцсон юм. Дасгалжуулагч Ики Ёожи Монголын эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд 3 жилийн турш өсвөрийн шигшээ багийг дасгалжуулахдаа амжилттай ажилласныг өндөр үнэлж МХБХ-ны “Гавьяаны одон”-гоор шагнаж байсан юм.

2018 онд Зүүн Азийн Аварга шалгаруулах тэмцээнийг МХБХ нутагтаа хүлээн авсан юм. Анх удаа эмэгтэй үндэсний шигшээ багийг байгуулан анхны олон улсын тэмцээнд бэлтгэсэн 3 жилийн үр шим гарсан амжилт үзүүлсэн түүхтэй.

Тиймээ, одоогоос 2 жилийн өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 2-нд ахлах дасгалжуулагч Ики Ёожи болон Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын эмэгтэй шигшээ баг,  Гуамын шигшээ багийг 1:0-ээр хожиж анх удаагаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатыг давж гарсан түүхтэй билээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?