ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ УАШТ-НИЙ ФОТО СУРВАЛЖЛАГА

2020-09-29  

Ахмадын УАШТ -д 16 аймаг, 3 хотын төлөөлөл болсон 260 теннисчин оролцов. Нийтдээ эрэгтэй 33, эмэгтэй 32 баг хүч, ур чадвараа сорьсон нь өмнөх жилийн оролцогчдын тоог даруй 50 хувь нэмэгдүүлсэн байна.

Тэмцээн 4 насны ангиллаар болсон. Хамгийн ахмад буюу 70-аас насны ангилалд ОУХМ, улсын найман удаагийн аварга Отгонжаргал түрүүлж, Монгол улсын анхны эмэгтэй аварга Наран үзүүрлэж, спортын мастер Эрдэнэбилэг хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд гарлаа. Шагналыг ахмад мастер Цогтоо гардуулав.

Эрэгтэйчүүдийн 70 -аас дээш насны ангилалд спортын мастер Галпүрэв түрүүлж, Тэмүүжин удаалж, Энхтайван удаалав.

Ингэснээр Галпүрэв сүүлийн 2 жил дараалан түрүүллээ.

Гаапуу гэж теннисчдийн дунд нэршсэн Галпүрэв багш 1954 онд Дөлгөөний бага сургууль дүүргээд Арвайхээрийн 1- р 10 жилийн сургуульд сурагч болж очсон байдаг.1955 оны хавар аймгийн Соёлын ордоны урд аравгар хээр морины хөшөөний хажууд теннисний бандан байх, олон хүн тоглохыг анх харсан гэдэг. Дотуур байрны хүүхэд барилдаанч, бас дээр нь уралдаанч гэгчээр хүүе хаая гэх аав ээж хол тул цаг л гарвал теннисний бөмбөг балбаж эхэлсэн гэж өөрөө дурссан нь бий. Ширээний теннисний ертөнцөд нэг орвол буцаж гарах нь ховор. Гарсан ч эргээд л ирдэг ийм идтэй спорт. Номын хатуу хавтас юухан хээхнээр ракетаа орлуулж яваад нэг ракеттай золгожээ. Теннисэндээ ч сайжирч. Ердөө л ахлах ангийн Сайдаа, Дугаржав, томчуудаас халзан Луузан, Гэндгээ багш нараас бусдыг нь бардаг болсон байна. Тэдний дундаас халзан Луузан гуай бол Монголын Залуучууд Оюутны анхдугаар их наадамд Өвөрхангай аймгаас ирж оролцож байсан түүхтэй хүн. Тэдэнтэй тоглосоор Гаапуу багшийн ур чадвар ч дээшилж, 1966 онд хөдөөгийн залуучууд оюутны анхдугаар их наадмаас хошой мөнгөн медаль авснаар их спортод эргэшгүй орсон юм билээ. Улмаар 1969 онд Сайдаа , Мягмаржав нарын хамт УАШТ-д оролцож агаар, багийн төрөлд 4 -р байранд орсон нь УАШТ-д үзүүлсэн анхны том амжилт байсан. Медалийн төлөө хотын томчуудтай гар зөрөх хэмжээнд хүрсэн гэсэн үг. Галпүрэв багш Өвөрхангайгаас шилжиж, МУИС-ийн нэрийн өмнөөс тоглож байгаад Дарханд багшаар очоод 3- р сургуульд насаараа багшилсан.Дарханд очоод Баасан, Лхагвадорж багшийн хамт баг босгосон. Сүүлд Зоригоо( Ховд) Завьмөнхийн хамт Гаапуу багш УАШТ-д оролцож, Чулуунбат, солгой Энхбат нарын багт Дархан, УБДС, Эрдэнэт багууд бие биенээ тойрсноор онооны зөрүүлээд Дархан баг анх удаа улсын аварга болоход Гаапуу багшийн олон жилийн хөдөлмөр, зүтгэл, сэтгэл нөлөөлсөн. Эрдэнэт, Дархан хот хоёр өөр хоорондоо олон жил нэг бүсэд өрсөлдсөн. Эрдэнэтэд Самбуудагва, Баяртогтох, Баяраа, Батбаяр под гэсэн мастерууд байх. 1989 онд Гаапуу багшийгаа Өвөрхангайд урьж аваачаад 14 хоног хамт бэлтгэлээ заалгаж хийгээд Төв аймгийн бүсээс гарч Өвөрхангайн идэрчүүдийн баг Булган аймагт болсон УАШТ-д амжилттай оролцож билээ. Юмны арга эвийг олох ухаантай. Бөмбөг унадаггүй. Голдуу хамгаална. Тэгэж яваад гэнэт довтолж тоо авдаг гэж спортын мастер, багш Мэргэний бичсэн дурсамжийг энэ зуур орууллаа.

1970 оны Бүх Ард Түмний Спартакиадад Галпүрэв, улсын аварга Нансалмаа нар хослон түрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 1970 оны АЛТАН ХОС.

Эмэгтэйчүүдийн 60-аас дээш насанд спортын мастер, Монгол улсын аварга Оюунчимэг түрүүлж, спортын мастер Алтангэрэл мөнгө, спортын мастер Оюунчимэг хүрэл медаль хүртэв. Шагналыг Монгол улсын таван удаагийн аварга Тогосын Болд гардуулав.

Эрэгтэйчүүдийн 60-аас дээш насны нэгбүрчилсэн төрөлд спортын дэд мастер Ц.Энхбат түрүүлж, спортын мастер, ахмадын олон удаагийн аварга Лхагвадорж мөнгө, өнгөрсөн жилийн аварга Даваажав хүрэл медаль хүртэв

-Спорт бол дан ганц өрсөлдөөн, тэмцэл биш. Энэ бол олон жилийн зузаан нөхөрлөл, хүн чанар юм гэж УАШТ-д анх удаа түрүүлсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Энхбат тодотголоо.

Эмэгтэйчүүдийн 50-иас дээш насанд спортын дэд мастер Алтанцэцэг (Эрдэнэт) түрүүлж, олон улсын хэмжээний мастер, улсын аварга Бадамцоо мөнгө, спортын дэд мастер Ганхайч ( Эрдэнэт) хүрэл медаль авлаа. Шагналыг Монголын Олимпийн хорооны гүйцэтгэх хорооны гишүүн Амарсанаа гардууллаа.

Эрэгтэйчүүдийн 50-иас дээш насны ангилалд олон улсын хэмжээний мастер, улсын аварга Энхтөр түрүүлж, спортын мастер Нямаа( Эрдэнэт) мөнгө, спортын мастер Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Шагналыг Монгол улсын найман удаагийн аварга Отгонжаргал гардуулав.

Эмэгтэйчүүдийн 40-ээс дээш насны ангилалд Цогт-Очир( Эрдэнэт) түрүүлж, Шинэ -од клубын Даваасүрэн мөнгө, Цагаач хүрэл медаль хүртэв. Шагналыг Монгол улсын аварга Наран гардууллаа

Багийн төрөлд Эрдэнэт-3 түрүүлж, Эрдэнэт -2 үзүүрлэж, Хүч гуравлав.

Шагналыг Биеийн Тамирын сургуулийн захирал Энхсайхан гардууллаа.

Эрэгтэй багийн төрөлд Төмөрт өргөө түрүүлж; Ган-Эрдэнийн баг үзүүрлэж, Хүч нийгэмлэг гуравласан.

Шагналыг МШТХ-ны дэд ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга Магнайсүрэн гардуулж, баяр хүргэв.

Багийн дүнгээр Хүч нийгэмлэг түрүүлж, Хангарьд удаалж, Хилчин нийгэмлэг гуравт орж, цом өргөцгөөв.

Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээний бүх төрлөөс медаль хүртсэн цорын ганц тамирчин бол улсын аварга Бадамцоо. Тэрбээр нэгбүрчилсэн төрөлд мөнгө, багаар хүрэл, холимог хосоор алтан медаль хүртэж дээд амжилт тогтоосон.

Харин холимог хосын төрөлд Эрдэнэ-Сарантуяа нарын хос мөнгө, Ган-Эрдэнэ-Наранцацралтын хос хүрэл медаль хүртлээ. Шагналыг Монгол улсын аварга, Эрдэнэтийн багийн ахлагч Баяраа гардууллаа.

Хамгийн олон медаль хүртсэн эмэгтэйчүүдтэй баг бол Хангарьд баг байлаа.

Цахиур компанийн Бат-Эрдэнэ, Тэнгэр компанийн захирал Төмөрбаатар нар ч багийн төрөлд алт, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

40,50,60 насны аваргууд. Сэтгүүлч Ц.Энхбат, улсын аварга Энхтөр, хотын аварга Мөнхсайхан нар.

Тэмцээний арын алба. АУАШТ-ний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Болд, орлогчоор улсын шүүгч Түмэн-Өлзий, нарийн бичгийн даргаар Мөнгөн нарийн баг ажиллалаа. Монголын Ширээний Теннисний хөгжлийн түүхэнд анх удаагаа бүх тоглолтын нарийн цагийн хуваарийн дагуу буюу, олон улсын тэмцээний жишгийг нэвтрүүллээ. Энэ ажлыг амжилттай хэрэгжүүлсэн хүн бол Олон улсын шүүгч Болд байв.

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?