Олон Улсын Олимпийн Хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах энэ сарын 02-ны өдөр ОУОХ-ны нийт гишүүн Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгчидтэй цахим уулзалт хийв. “Токио-2020” олимпийн наадмын талаар өрнүүлсэн энэхүү цахим уулзалтад нийт 150 гаруй орны Олимпийн хорооны ерөнхийлөгч оролцов. Хоёр цаг орчим үргэлжилсэн энэхүү уулзалт ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Токио-2020” олимпийн наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хичээнгүйлэн хийж, хичээл зүтгэл гарган шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа Японы шинэ Ерөнхий сайд болон Олимпийн хорооны зохион байгуулах комисст талархал илэрхийлснээр эхэлсэн байна. Тэрбээр олимпийн наадам хойшилсон ч, ОУОХ-ны зүгээс бүх талаар нь дэмжиж, үйл ажиллагаанд нь нягт уялдаатай хамтран ажиллах болно гэж Томас Бах хэлсэн. Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр :- Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хөл хорио тогтоосон ч манай тамирчид “Токио-2020” олимпийн наадмын бэлтгэлээ тасралтгүй хийж, бэлтгэлээ хангаж байгаа тухайгаа бусадтайгаа хуваалцав. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Олимпийн аварга Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэн, сонгуульт ажлаа амжилттай хийнэ гэдэгт нь огтхон ч эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Э.ОТГОО