Монгол гаралтай, Японы сумогийн их аварга Какурю зодог тайлах боллоо. Түүний жинхэнэ нэрийг Мангалжавын Ананд гэдэг гэж Киодо Ньюс агентлаг мэдээллээ. Какурю аварга нурууны доод хэсэг, хавирга, гарын шөрмөс зэрэг өвчний шалтгааны улмаас сүүлийн 5 башёг дараалан өнжсөн тул Сумо Бөхийн Холбоо дээрхи шийдвэрийг гаргасан байна. 2020 оны 11 дүгээр сарын барилдааныг Монгол гаралтай их аварга Хакухогийн хамт өнжихөд нь Сумо бөхийн холбооноос сүүлчийн сануулга өгсөн. Какурю аварга зодог тайлах бодолгүй байгаагаа дэвжээний багш Мичинокуд илэрхийлж, 2021 оны хаврын башёд зодоглоно гэж хэлсэн ч, бэртлийн улмаас амласандаа хүрч чадсангүй. Бэртэл гэмтэлтэй байх 10 сарын хугацаанд Какурю Ананд Япон улсын иргэн болох ажлаа амжуулсан. Япон улсын иргэн болсны учир зодог тайлсны дараа тэрбээр өөрийн дэвжээг удирдах боломжтой боллоо. Тэрбээр ахмад, өндөр цолтой сумо бөхийн хувьд " тошиёри" нэрийг уламжилж авах юм. Одоогоос 20 жилийн өмнө сумо бөхийн дэвжээнд анх гарсан тэрбээр 2014 оны хаврын барилдаанаар сумогийн их аварга цолонд хүрсэн амжилт үзүүлсэн. Ингэж Японы Киодо Ньюс агентлаг нэмж мэдээллээ.