Энэ хожигдлын дараа Монголын хөлбөмбөг, тоглогчдыг фэйсээр багагүй шүүмжилсэнд холбооны менежер дургүйцлээ дорхи байдлаар илэрхийллээ.
Монголын Үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг Тажикстан улсын нийслэл Душанбе хотын Републик цэнгэлдэхэд Тажикстаны шигшээ багт 3:0-ийн харьцаатай хожигдлоо. Хожигдсон төдийд супер аналистууд энд тэндээс энэ 23 залуусыг, дасгалжуулагч, албаны хүмүүстэй нь барьж идэх дөхлөө. 2019 оноос хойш олон улсын тоглолт хийгээгүй, 2020 оны 10 сараас хойш бүтэн 90 минутын тоглолтод ороогүй, хангалттай бэлтгэл ч хийгээгүй байсан 25 тоглогч 2 дугаар сарын 28-ны өдрөөс Турк улсад 21 хоногийн бэлтгэл хийхээр очсон. Монгол улсад тавьсан хөл хорио, хатуу дэглэм зэргийг дасгалжуулагчийн багийн зөв систем, бэлтгэлийн зөвлөмжийн дагуу гэрийн нөхцөлд давж гарсан энэ залуус бие бялдарын хувьд энэ тоглолтод бэлэн болох гэж 21 хоног 100% өөрийгөө дайчилж, өдөр шөнөгүй өөрийгөө ялахаар тэмцэж байсныг би дэргэд нь байсан хүний хувьд бие сэтгэлээрээ мэдэрсэн. Тамирчдын зарим нь Турк улсад хийсэн нөхөрсөг тоглолтуудад бага зэргийн бэртэл авсан ч талбайд гарахын төлөө хэрхэн хичээж байсны гэрч. Бид хагас жил хоригдоод, бөмбөгөнд хүрэхийн мөрөөдөл болоод байсан. Гэтэл энэ хугацаанд Тажикстаны шигшээ баг албан ёсны болон албан бус 10 олон улсын тоглолтод оролцсоныг харьцуулах. Ялгаа байгаа биз. Харин ч залуус маань эцсийн мөч хүртэл тоглолтыг эргүүлэхийн төлөө, ядаж нэр төрийн гоолыг оруулахын төлөө зүтгэсэн гэдгийг ам бардам хэлнэ. Шүүмжлэхийн өмнө, аливаад ул суурьтай , наанатай цаанатай ханддаг болооч. Миний хувьд Үндэсний шигшээ багийн менежерээр сүүлийн 2 жилийн хугацаанд ажиллаж, энэ удаад хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан. Би санаж байна. Энэ залуус Брунейг хожиж Дэлхийн аваргын анхны гоолыг Н.Цэдэнбал оруулахад, А.Дөлгөөн Мьянмарын эсрэг хожлын гоолыг оруулахад биднээс сайн тоглогч, биднээс шилдэг баг энэ дэлхийд байхгүй юм шиг л магтаж байсан биш билүү ? Улсынхаа Үндэсний шигшээ багийн дэмжигч гэдэг багаа хожсон ч, бүдэрсэн ч хамт байж чаддаг, захыг нь мушгиж, замыг нь засагч байх ёстой биз дээ.