ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ СПОРТЫН МАСТЕР Б.БААСАН ТЭНГЭРИЙН ОРОНД ЗАЛАРЧЭЭ

2021-04-03  

1973 оны Югослав улсын Сараево хотод болсон ДАШТ-нд оролцсон Монголын багийн ахлагч, Монголын ширээний теннисний ахмад мастер, дасгалжуулагч, Дархан хотод ширээний теннисний спортыг үндэслэгч Б.БААСАН бурханы оронд заларчээ...

Ум сайн амгалан болтугай. Монголын ширээний теннисчид

Дурсамж..

Б.Баасан миний бие 1945 онд Булган аймагт төрсөн хүн.70 гарсан насны хойно Монголын ширээний теннисний ахмад үе, энэ спорттой амьдралынхаа 50 гаруй жилийг хамт үдсэн алтан үеийн дурсамжаа санаж бичихэд сонихон сэтгэгдэл төрж сууна.

-Анх, 1950-иад оны сүүл юмдаг, Спортын Төв Ордонд ширээний теннисний секц нээгдэж, хүүхдүүдийг элсүүлж байгаа сургаар Ж.Бямбажав бид хоёр тэр дугуйланд орж билээ. Бидний гэр ойрхон учир байнга хамтдаа шахуу. Тэр үеийн хувцаслалт бол дээл. Би хөх даалимбан дан дээлтэй , Ж.Бямбажав буюу Бягаа маань ногоон даалимбан дээлтэй. Нарийн гудамжны хоёр талаар бие биеэ харалцан сургуульдаа явж , тэндээсээ хичээлээ тарангуут нэгдэн секцэндээ явна. Бид хоёрыг ижилсэх зүйл бол хоёулаа солгой тоглогч. Теннисэндээ үнэнч зүтгэж, хоёулаа мастер цол хүртсэн нэг цагийн андууд.

Сургуулиа 6-р ангидаа орхиж, ширээний теннисний 2-р шигшээ улмаар 1-р шигшээ багийн тамирчин болсон. 500 төгрөгийн сарын цалинтай тамирчин байв. Амарсанаа, Томбуу, Наран, Алимаа, Бямбажав, Отгонжаргал, Нараа нартайгаа найзлан, үерхсэн он жилийг үдлээ.

1965 онд шигшээ баг тарсан. Амарсанаа,Бямбажав бид гурав дахин сургууль бараадаж 23-р сургуульд, оройгоор 10-р ангиа төгсөж улмаар УБДС-д элссэн. Бидний үеийн залуус цэвэрхэн хувцаслаж, биеэ сайхан авч явж, өөр хоорондоо тун нөхөрсөг эвсэг баг байсан. Санжмятав багшийн удирдлага дор бэлтгэл сургуулиа хийнэ. Уралдаан тэмцээнд оролцох бүртээ эхний байр, адаглаад медиалиудын төлөө өрсөлдөнө. Үнэндээ, тэр 60-70 оны үзэгчдийн сонирхлыг татсан, дуу алдуулсан, суудлаас нь өндийлгөсөн тоглолтыг хийдэг байсан. Энэ дашрамд , хүүхэд насны нөхөрлөл үерхэлээс эхлээд хожмын амьдралын хань бүл болцгоосон олон жил амьдралын нугачааг даван туулж яваа өөрийн хань Маруся, Бямбажавын хань Сарангэрэл ,Амарсанаагийн хань Батсүх нарыгаа дурсахгүй өнгөрч чадахгүй нь.

Анх 1961 онд Дэлхийн аварга шалгаруулах 26-р тэмцээнд Монголын баг тамирчид оролцсоны дараа Амарсанаа,Бямбажав бид гурав арван хэдхэн настай хүүхдүүд улс орны хөгжил,сонин хачин бүхнийг үзэн гайхаж явсан үе 50 гаруй жилийн тэртээ үлджээ.Энэхүү алтан үе маань Санжаа ах буюу Санжмятав багш,Чойвон багш маань болон тэр үед бие биенээ хөтлөн , ахиж сайжирч явсан найз нөхөд маань үгүйгээр төсөөлөх боломжгүй. Шигшээ багийн гишүүн гэж явах үедээ бид БНХАУ, Ардчилсан Солонгос улс, Унгар улс, Зөвлөлт Холбоот Улс (ОХУ )зэрэг улс орнуудаар хамтарсан бэлтгэл сургууль уралдаан тэмцээнүүдэд оролцож байснаас Камбожи улсад болсон Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байснаа тод санаж байна.

Тамирчин байсан алтан үедээ олон нийгэмлэг клубээс тоглож улс ,хотын аварга болж явжээ. Дурсахад:

УБДС баг – Бямбажав, Наран, Эрдэнэчимэг, Ганбат нартай улсын аварга Дархан хотын баг- Галпүрэв ,Лхагвадорж, Саруул, Оюунцэцэг, Цагаанцэцэг,Солонго,Батбаяр нартай санаа сэтгэл нийлэн олон ч спартакиад ,улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхний 3 байранд шалгарч байжээ. Ер нь аливаа спортын төрлийн тамирчид үе үеэрээ урган гарч дараагийнхаа үедээ байр сууриа үлдээн өгдөг жамтай. Монголын ширээний теннисний ахмад үе: Чомбуу , Баньдхүү, Нооноо, Сэрээтэр ,Санжаа багш, Наран, Нансал, Алимаа.

Тэднийг залгамжилсан: Амарсанаа ,Томбуу, Бямбажав, Баасан, Отгонжаргал. Бидний дараахь үе: –Нэргүй, Цэдэнбалжир, Батхишиг, Жооноо , Мөнхцэцэг, Оюунчимэг, Чулуунбаатар гэх мэт... Тэгээд өнөөгийн залуучуудыг үе үеэр нэмээд төсөөлчих.

Ингээд бодохоор тэр үеэс одоо үеийг хүртэл энэ их спортыг үе үеэрээ л хөгжүүлж иржээ.

Амьдралын минь нэгэн үе ид хийж бүтээж явах үедээ Дархан хотод энэ спортыг хөгжүүлэх,тэмцээн уралдааныг сонирхолтой зохион байгуулах,баг тамирчидаа бэлтгэн уралдаанд оролцуулах ажлыг эрхэмлэн хөдөлмөрлөж улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр удаа, МБАТ Спартакиадыг хоёр удаа хүлээн авч зохион байгуулж, өөрийн зодог тайлах тэмцээн,нэрэмжит тэмцээнийг хот хөдөөгийн 15 гаруй тамирчдын дунд зохион, үе үеийн тамирчдаа уулзан учруулж явснаа дурсах сайхан байна.

Би хувьдаа урамтай сайхан амжилт үзүүлэлт, сайхан хүмүүстэй үерхэж нөхөрлөлөө. Спорт хөөснийх спортын мастер цол, БТС-ын 80 жилийн ойн медаль, БТС-ын тэргүүний ажилтан, БТСХ-ны хүндэт тэмдэг, Спортын алдар медаль зэрэг одон медалиар тамирчны хувьд шагнуулж, цоллуулж явжээ.

 

Ахмад мастер Б.Баасан амьд сэрүүндээ дээрхи дурсамжийг бичиж Мэргэн багшид үлдээжээ.
Зураг дээ: Арын эгнээнд, зүүн гараас: См Бямбажав, дасгалжуулагч Санжмятав, см Баасан, Дунд эгнээ, зүүн гараас: Улсын аварга Мөнхцэцэг, улсын аварга Нэргүй, см Оюунчимэг, улсын аварга Цэдэнбалжир Урд эгнээ, зүүн гараас: Хотын аварга О.Чулуунбат, Армийн аварга Батбаяр, улсын аварга Алтанцэцэг( Орос), Намнанбаяр нар.
 

 

Ж.СҮХЭЭ
 
 
 
 

 

 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?