ТОКИОГИЙН ОЛИМПЫН НААДАМ ЭХЛЭХЭД 100 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2021-04-14  

“Токио 2020” зуны олимпын XXXII наадам эхлэх 100 хоногийг албан ёсоор тоолж эхлэх ёслол Японы нийслэл хотын захиргаанд өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд "Токио 2020" олимпын наадмыг зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч Тошиаки Эндо, Токио мужийн захирагч Юрико Коикэ, Японы Олимпын хорооны тэргүүн Ясүхиро Ямашита болон бусад уригдсан зочид оролцсон байна. 

"Олимпын наадам эхлэхэд 100 хоног үлдлээ. Энэхүү тэмдэглэлт үйл явдалд ойртуулж чадсан бүх хүнд талархаж байна. Коронавирустэй тэмцэх арга хэмжээ, эмч нарын хүчин чармайлтын ачаар бид үүнийг хийж чадсан. Бид гайхамшигтай сайхан Олимпын наадмыг зохион байгуулахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна" гэж Токиогийн захирагч Юрико Коикэ онцлон тэмдэглэжээ. 

"Бид Олимпын наадам эхлэх долоодугаар сарын 23-ны өдрийг тэсэн ядан хүлээж байна. Наадмыг аюулгүй зохион байгуулах нь бидний эн тэргүүний зорилт хэвээр байна. Тамирчид Токиод хамгийн сайн амжилт үзүүлнэ гэж би найдаж байна" гэж "Токио-2020" наадмыг зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч Тошиаки Эндо хэллээ. 

Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Олимп, Паралимпын бэлгэдлүүдийн 2.6 м өндөртэй дүрсийг Токио хотын захиргааны байранд байрлуулав. Олимпын наадмын бэлгэдлийг “Мираитова”, харин Паралимпын бэлгэ тэмдгийг “Сомейти” гэж нэрлэсэн билээ. “Мираитова” гэдэг нь японоор “мираи” буюу ирээдүй, “това” буюу үүрд гэсэн утгатай бөгөөд нийлэхээрээ гайхалтай ирээдүй үүрд мөнх оршино гэсэн утга агуулгатай ажээ.

Харин “Сомейти” гэдэг нь “сомейёшино” буюу төрөл бүрийн интоорын мод гэдэг үгнээс үүсэлтэй нэр ажээ. Англиар энэ үг нь маш хүчирхэг гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэхүү нэр нь Паралимпын агуу байдлыг илэрхийлэхийн зэрэгцээ Японы ард иргэд интоорын цэцгээрээ бахархдгийг илтгэж байгаа юм. Эдгээр нэрийг 30 нэрэн дундаас сонгожээ.

Хотын захиргааны байранд болсон арга хэмжээтэй зэрэгцэн Токио хотын захад орших Такао уулын оройд Олимпын наадмын бэлгэ тэмдэг болох таван цагиргийг суурилуулсан байна.

Цар тахлын нөхцөлд болох Олимпын наадам

Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ. Дэлхий даяар халдварын нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбогдуулан Олимпын наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Японы Олимпын хороо наадмын тасалбар худалдан авсан гадаадын үзэгчдэд төлбөрийг нь буцаан олгоно гэдгээ мэдэгдсэн. Харин спортын байгууламжуудад оруулах Японы үзэгчдийн тоотой холбоотой шийдвэрийг дөрөвдүгээр сарын сүүлчээр гаргахаар төлөвлөж байна.

Наадамд 10 мянган тамирчин оролцох төлөвтэй байна. Тамирчдыг хоёр долоо хоногийн тусгаарлалтын дэглэмгүй, хялбаршуулсан журмаар Японд нэвтрүүлэх юм.  Олон улсын Олимпын Хорооноос (ОУОХ) гаргасан Токиогийн наадмын урьдчилсан дүрмийн дагуу тамирчид коронавирусний шинжилгээг дор хаяж дөрвөн хоногт нэг удаа өгөх ёстой. Гэхдээ “Токио 2020” наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлснээр, шинжилгээний давтамжийг ойртуулж магадгүй байна.

Дүрмийн дагуу PCR шинжилгээ өгөх давтамж нь спортын төрөл, тэмцээний хуваариас хамаарна. Шинжилгээг Олимпын эсвэл Паралимпын хотхонд байрлах тусгай лабораторид хийх ёстой. Хэрэв тамирчин эдгээр байгууламжаас гадуур байрлаж байгаа бол шинжилгээ өгөхийн тулд тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг ашиглах шаардлагатай болно. Ухаалаг гар утсанд зориулсан тусгай программаар шинжилгээний хариуг хянана. 

Токиогийн Олимпын наадмын бэлтгэл ажил одоогоор дуусах шатандаа орж байна. Тамирчид спортын 33 төрөлд 330 гаруй багц медалийн төлөө өрсөлдөнө. Наадмыг хойшлуулсан болон коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотойгоор зардал нэмэгдсэний улмаас наадмыг зохион байгуулах төсөв нэмэгдэж, 1 их наяд 64 тэрбум иен буюу 15 тэрбум 9 сая ам.доллар болжээ.

 

Эх сурвалж: ТОКИО. /TASS/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?