ТОТТЕНХЭМ БАГ "АМ БАРДАМ, ГУЯ ШАЛЛАН" ЖОЗЕ МОУРИНОГООС САЛЛАА

2021-04-21  

 

Тоттенхэм" багийн фэнүүд Жозе Моуриногоос ихийг хүлээж байсан.Өмнөх дасгалжуулагч Поччеттиногийн үед гурван улирал дараалан Английн Премьер Лигт хоёрдугаар байрт шалгарсан. Аваргуудын Лигт үзүүрлэсэн амжилтыг ахиулна гэж найдаж байсан. Одоо л нэг түрүүлж, цом өргөх нь гэж итгэсэн. Гэтэл цом өргөх нь бүү хэл, бүрмөсөн бүтэлгүйтсэн. Английн багуудын гол зорилго нь Премьер Лигт эхний дөрөвд эрэмбэлэгдэж, ирэх улиралд Аваргуудын Лигт оролцох эрх халааслахад байдаг. Тэгвэл Тоттенхэм баг ирэх улиралд Аваргуудын Лигийг өнжих нь тодорхой болсон. Тиймээс яг 17 сарын дараа Тоттенхэм багийн эзэд шийдвэр гаргаж, дасгалжуулагч Жозе Моуринотой гэрээгээ бүрмөсөн цуцаллаа. - Моуринотой гэрээ байгуулсан. Тэр амласнаа биелүүлсэнгүй. Түүний ажилласан 17 сард багийн амжилт уруудлаа. 17 сар бол хангалттай хугацаа. Гэтэл Томас Тучель Челсид ирээд дөнгөж 30 хоног ажиллахдаа багаа Аваргуудын Лигийн хагас шигшээд, Английн Холбооны цомын аваргын финалд гаргаж, Премьер Лигт 4-д орохоор урагшилж байна. Дасгалжуулагч ингэж л ажилладаг юм. Моуриногийн өмнөх дасгалжуулагч Поччеттино ч илүү байж. Түүний үед Тоттенхэм баг Премьер Лигт дараалан үзүүрлэж, Аваргуудын Лигт улирал алгасалгүй оролцсон. 2018-19 оны улиралд Аваргуудын Лигт финалдсан түүхтэй. Тэгвэл Жозе Моуриногийн удирдсан ганцхан жилийн үр дүнд Тоттенхэм баг Аваргуудын Лигт ирэх улиралд оролцох боломжгүй боллоо. Эцсийн найдлага болсон Европа Лигт, Хорват улсын Динамо Загреб хэмээх сулхан багт хожигдож, Европа Лигийн шигшээ тоглолтоос ч хасагдсан нь энэхүү шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж багийн эзэд тайлбарлалаа. Тэр дасгалжуулагчаар томилогдсон анхны өдрөө Тоттенхэм багийн Алдрын танхимаар орж; - "Энд цом гэх зүйл харагдахгүй байна. Хоёрдугаар байр эзэлнэ гэдэг бол амжилт биш. Амжилтыг цом л илэрхийлдэг гэж Моурино " томорч" байсныг сэтгүүлчид олон нийтэд хүргэж байсан. - Би удирдсан багаа Европа Лигт түрүүлүүлдэг. Намайг цом, амжилт дагадаг. Би Аваргуудын Лигт багаа түрүүлүүлж байсан. Би амьдралдаа Европа Лигт ердөө хоёр удаа финалдсан. Хоёуланд нь цом өргөсөн. Энэ жил "Арсенал " багаас өөр манайтай финалдах баг байхгүй " гэж Моурино бардамнан хэлж байсан нь саяхан. Тэгвэл түүнийг " ам бардам, гуя шалдан нэг " хэмээн Тоттенхэм багийн удирдлага үзлээ. - Яг өнөөдөр Тоттенхэм баг Премьер Лигт долдугаар байрт эрэмбэлэгдэж, хошуучлагч Манчестер Сити багаас 24 оноогоор хол хоцорч явна. Премьер Лигийн сүүлийн 3 тоглолтоос дөнгөн данган хоёрхон оноо салгалаа. Ирэх улиралд Тоттенхэм баг Аваргуудын Лигт оролцож чадахгүй нь ойлгомжтой боллоо. Тэр тоглогчдын, фэнүүдийн, багийн удирдлагын итгэлийг алдсан. Цаашид түүнээс хүлээх зүйл ч байхгүй, сунгах хугацаа ч үлдсэнгүй. Тиймээс Английн Хөлбөмбөгийн Холбооны Карабао цомын финалын өмнө түүнийг Тоттенхэм багийн жолоодлогоос зайлууллаа гэж Тоттенхэм багийн удирдлага Ску спортод тодотгол өгөхдөө онцоллоо. Багийн удирдлага шинэ дасгалжуулагчийн эрэлд мордлоо. Жозе Моуриногийн ятгалгад орж, Поччеттиног хөөж явуулсандаа тэд хязгааргүй харамсаж байгаагаа ч нуусангүй.

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?