ПЕРЕЗ: ЕВРОПЫН СУПЕР ЛИГИЙГ БАЙГУУЛСАН НЬ НҮГЭЛ БИШ, ХАРИН Ч БУЯН БАЙЛАА

2021-04-24  

Цар тахлын улмаас клубуудын орлого хаагдсан. Сүүлийн 2 жил том клубуудын санхүү хэцүүдлээ. Тоглогчдынхоо цалинг ч өгөхөд бэрхшээлтэй тулгарсан. Санхүүгийн хүнд цохилтыг Европын үндэсний Лигийн клубуудээс томчууд нь эдэлж буй. Учир нь тэд хамгийн сайн тоглогчдыг үнэ цохиж авдаг. Тиймээс Европын Супер Лиг байгуулсан нь тэдгээр топ клубүүдийг авран хамгаалах чухал алхам байлаа. Гэтэл маш том эсэргүүцэлтэй тулгарлаа. Ялангуяа, Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Европын Хөлбөмбөгийн Холбооны хуучинсаг үзэлтэй өнөөгийн удирдлага улайран эсэргүүцлээ. Сандал ширээтэйгээ амь тавин зууралдсан эрх мэдэлтнүүд бүхнийг хэвээр байлгахын тулд саад хийлээ. Биднийг мөнгө хийх гэж байна гэж шүүмжиллээ. Тийм. Бид мөнгө хийнэ. Яаж хийх аргаа ч мэдэж буй. Аваргуудын Лигээс багуудад олгож буй мөнгийг хэд дахин давуулна. Хамгийн гол нь маш сонирхолтой, асар өрсөлдөөнтэй Лигийг зохион байгуулахаар зэхэж байсан. Үүнээс хөлбөмбөгийн баг, хөлбөмбөгийн фанатууд л хожих байсан юм. Аваргуудын Лиг бол маш уйтгартай лиг. Тунаж үлдэх шигшээ 8 баг нь л эрхгүй сонирхол татна. Манчестер Юнайтед үл мэдэх багтай тоглох нь хэнд сонирхолтой юм бэ?! Инээдтэй. Европын Супер Лиг бол ижил тэнцүү багууд өөр хоорондоо олон тоглолт хийж, хэн нь жинхэнэ супер вэ? гэдгийг тодруулахад оршиж байсан юм. Анх Аваргуудын Лигийг гаргахад мөн л ийм эсэргүүцэл тулгарч л байсан. Эцэстээ юу болсон? Зөвшөөрсөн. Яг л үүнтэй адил явц өрнөх болно. Аваргуудын Лигийг 2024 оноос шинэчлэнэ гэж удирдлагууд нь хэлж ярьж байна. Тэр хүртэл том клубууд тэсэж чадах уу? Магадгүй, санхүүгийн хямралаас болж захаасаа дампуурлаа зарлачих байх. Тиймээс том багуудаа аврах, цаашид хөгжүүлэх арга замыг бид өөр хоорондоо ярилцаж сэдсэн. Байдлаас харвал үйл ажиллагаа хойшлох бололтой. Гэхдээ бид санаанаасаа ухрахгүй. Боломжоороо эхэлнэ гэж Перез хэллээ.

 

 

Э.ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?