ТИМО БОЛЛ: ТЕННИСЭЭ ЭРТ ОРОЙ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ОРХИНО ГЭХЭЭС АЙДАС ТӨРДӨГ

2021-04-28  

Дэлхийн цомын 2 удаагийн аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, Германы 12, Европ тивийн 7 удаагийн аварга, сүүлийн 3 олимпийн багийн 1 мөнгө, 2 хүрэл медальт Германы домог болсон теннисчин Тимо Боллын тухай нийтлэлээс хөрвүүлэн уншигч танаа хүргэж байна.

Нэг: ТИМО БОЛЛ БА ТЕННИС

Би теннисэнд дурласан. Амьдралаа зориулсан. Энэ их спортыг нэг л өдөр орхиж таарна. Орхино гэж бодохоос надад айдас төрдөг гэж тэр өөрийн тухайд хэлсэн.

Хоёр: ТИМО БОЛЛ БА ОЛИМПИЙН НААДАМ

- "Сеул- 1988" Зуны олимп. Ширээний теннисний спорт Олимпийн төрөлд анх багтах болсон. Харин Тимо Болл 17 настайдаа Сидней- 2000 зуны олимпод анх удаа оролцож, шилдэг 16-д шалгарсан. 2004 оны Афины олимпод түрүүлэх боломжоо алдсан гэж хувьдаа дүгнэснээ Тимо Болл хожим илэрхийлсэн. 2004 оноос Германы шигшээ багийг ахалж, Бээжин -2008 олимпоос мөнгө, Лондон- 2012, Рио- 2016 олимпоос багаараа тус тус хүрэл медаль хүртсэн. Удахгүй зохиогдох Токио- 2020 зуны наадамд тэр багаараа зодоглоно.

Гурав: ТИМО БОЛЛ БА ДАШТ

Хятад улсын шигшээ багтай аваргын төлөө хамгийн олон удаа өрсөлдсөн цөөн багийн нэг бол яах аргагүй Германы шигшээ баг. Тимо Боллын ахалсан Германы шигшээ баг Дэлхийн АШТ-ний алтан медалийн төлөө Хятад улсын шигшээ багтай нийтдээ 5 удаа финалдсан байдаг. Харамсалтай нь аварга болж чадалгүй 5 мөнгөн медаль хүртжээ. Харин Тимо Болл ДАШТ-ээс хосын төрлөөр мөнгө, нэгбүрчилсэн төрлөөр хүрэл медаль ( багаас гадна) хүртэж байсан цагийг эзэлсэн шилдэг тоглогч юм.

Дөрөв: ТИМО БОЛЛ БА ДЭЛХИЙН ЦОМ

Дэлхийн цом. Үнэндээ Дэлхийн АШТ-ээс дутуугүй өндөр нэр хүнд бүхий тэмцээн. Тимо Болл хэдийгээр Дэлхийн аварга болж чадаагүй ч ( нэгбүрчилсэн төрлөөр хүрэл медаль) Дэлхийн цомын АШТ-д 2002, 2005 онд аваргалж, дэлхийн чансааг тэргүүлсэн. Ширээний теннисний төрөл Олимпийн наадамд оролцож эхэлснээс хойш нийт 32 алтан медалийн 28 -ыг нь зөвхөн Хятадын тамирчид хүртсэн түүхтэй. Тэгвэл дэлхийд ноёрхлоо бүрэн тогтоосон Хятадын тамирчдыг тухайн цагт ялж, алдар суугаа мандуулсан тоглогч бол Тимо Болл л байлаа.

Тав: ЕВРОПЫН АШТ БА ТИМО БОЛЛ

Тимо Болл бол Европ тивийн долоон удаагийн аварга. Европ дахь Шведийн ноёрхлыг нураасан хүний нэгээр Тимо Боллыг зүй ёсоор нэрлэдэг. Европын АШТ-д Германы баг Тимо Боллын удирдлага дор баг, нэгбүрчилсэн төрлөөр олон жил давамгайлсан. Тимо Болл хамгийн сүүлд 2018 онд Европын АШТ-д 7 дахь түрүүгээ авч, харьшгүй хүчит гэдгээ харуулсан.

Зургаа: ТЕННИСНИЙ ӨӨРЧЛӨЛТ БА ТИМО БОЛЛ

Теннисний хөгжлийн ур түүхэнд олон зүйл өөрчлөгдсөн. Тухайн тамирчдын тоглолтын ур чадвар, техник шинэ шатанд дэвшсэн. Түүний зэрэгцээ теннисний хэрэгслийг ч тогтмол өөрчилж иржээ. Бөмбөг, цавуу, мод ( цохиур), резин. Механик өөрчлөлт бүр тоглогчдын ур чадварт эерэг, сөргөөр нөлөөлнө. 2004 оны Афины Олимпийн өмнө ОУШТХ-ноос теннисний бөмбөгний диаметрийг 38 байсныг 40 см болгон томруулсан нь Ширээний теннисний түүхэн дэх хамгийн том өөрчлөлтийн нэгэнд эрхгүй тооцогджээ. Энэ өөрчлөлт Тимо Боллд хамгийн хортойгоор туссан байдаг. Афины олимпийн өмнөх жил 2002 онд Дэлхийн цомын аваргад түрүүлж, дэлхийн чансааг тэр ганцаараа тасархай тэргүүлж эхэлсэн тэрбээр томруулсан бөмбөгөнд олигтой дасаж чадалгүй Афины олимппой золгосон гэдэг.
" 1928 онд батлагдсан бөмбөгний хэмжээг анх удаа тэгэж өөрчилсөн нь миний амжилтад сөргөөр нөлөөлсөн гэж боддог. Над шиг хүчтэй топспин хийдэг хүн тэр үед байгаагүй. Бөмбөг томорсон нь яг л миний гол зэвсгийг хурааж авах шиг л санагдсан. Том бөмбөгийг өмнөх шиг хурд, хүчтэй эргүүлэх амаргүй болсон" гэж Тимо Болл хожим харамсангуй дурссан байдаг. Үр дүнд нь тэр Афины олимпод 5-д шалгарсан.
 
Долоо: ДАХИАД Л БӨМБӨГ, ЦАВУУГ ӨӨРЧЛӨВ
 
Резин, мод байнга өөрчлөгдөж байв. Тэгэж байтал бөмбөгийг дахиад л өөрчилсөн. Энэ удаад хэмжээг биш, бөмбөг хийдэг материалыг өөрчилсөн. Өмнө нь хатуу целлойд материалаар хийдэг байсныг зөөлөн пластик болгосон. Рио-гийн Олимпийн дараахан, 2014 онд, энэ өөрчлөлтийг хийсэн. Тэгснээр бөмбөгний эргэлтийн хүч буурсан. Энэ нь дэлхийд ноёрхлоо бүрэн тогтоосон байсан Хятадын тамирчид бусдад хожигдохын эхлэлийг тавьсан. Аажим аажмаар Хятадын тамирчдын амжилт буурах байдал дэлхийн тавцанд өрнөсөн. " Бөмбөгийг илүү зөөлөн болгосон тэр өөрчлөлт нь Хятадын баг тамирчдын амжилтыг хойш нь татсан. Хятадууд хойш сууж, харин бусад нь урагшилсан. Тэгснээр Хятад болон бусад орны тамирчдын өөр хоорондын зай багассан" Ма Лонг хэлсэн нь бий.
 
Найм: ТИМО БОЛЛ БА БАРЬДАГ РЕЗИН
 
Тимо Болл теннис тоглоод 25 жил болжээ. Тэр эхэндээ маш зөөлөн резинээр тоглодог байсан гэдэг. Зөөлөн резин эффект үзүүлэх, эргүүлэг хийх зэрэгт маш нөлөөтэй байсан гэж дурссан. " Одоо бол би зөөлөн резин барихаа больсон. Маш хатуу резин барьдаг. Оноо бүрийг тооцох, чанартай тоглолт үзүүлэхэд илүү анхаардаг болсон. Резинийхээ хурдыг нэмэх зорилгоор зарим тоглогч хурд нэмэгч цавууг ашигладаг байсныг мөн хориглосон.
Мөн цавуу орлуулагч ашиглаж, тэр нь бөмбөгний ойлтыг өөрчилдөг байсныг журамласан. Цавууны норм тогтоож, элдэв химийн найрлага оруулаагүй, стандарт цавууг хэрэглэх шийдвэр гарсан нь теннисний спортыг шударгаар хөгжихөд сайн нөлөө үзүүлж буй. Багаж хэрэгслээс гадна, тоглогч өөрийгээ өөрчилж байх ёстой. Миний хувьд нас ахиж, хөдөлгөөн харьцангуй багассан учир, түүнд тохирсон тоглолтонд шилжсэн. Ширээнд ойр зогсох, цохилтын хурдаа нэмэх, хөлийн ажиллагаагаа улам сайжруулах, өрсөлдөгчөө илүү сайн унших, алдаа гаргахгүй байх, илүү оновчтой байх зэрэг тактикийн тоглолтонд илүү анхаарах болсон" гэж Тимо Болл теннисний тухай бодлоо хуваалцсан байна.
 
Э.ЛХАГВАСҮРЭН
 
 
 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?