"Токио- 2020" зуны олимпод Монголын 42 тамирчин спортын 10 төрлөөр оролцохоор эх орондоо бэлтгэлээ хангаж байна.( чөлөөт бөх- 9, жүдо-12, бокс-3, буудлага-4, хөнгөн атлетик- 3, хүндийг өргөлт-1, байт харваа-2, усанд сэлэлт- 2, 3х3 сагсан бөмбөг-4, ширээний теннис-2).
Түүхэндээ анх удаа Монголын Ширээний Теннис, 3х3 сагсан бөмбөгийн тамирчид Токио-2020 зуны олимпийн эрхийг авлаа. Энэ бол түүхэн тэмдэглэлт үйл явдал. Найдвар тавьж хүлээж байсан таеквондо, дугуй, гимнастикийн төрлөөр эрхээ авч чадсангүй, харамсалтай нь.
Токио-2020 зуны олимпод Монголчууд түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж буй нь энэ удаагийн олимпийн онцлог гэж Олимпийн Хорооны нарийн бичгийн дарга Отгонцагаан өөрийн цахим хуудсандаа бичлээ.
Шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчийн сарын цалинг 1500000 (нэг сая таван зуун мянга), олимпод оролцох тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасныг Монгол улсын Засгийн газрын тэргүүн Оюун-Эрдэнэ тамирчдын төлөөлөгчдийг хүлээн авах үеэрээ дуулгасан.