Эрүүл мэндийн салбарын ажилчид задарсандаа цалингаа нэмүүлье гэж тэмцээгүй. Тэд үнэхээр л ядарч, цуцаж байна. Цаг хугацаатай өрсөлдөн бусдын бүлээн амийг аврахын төлөө зүтгэдэг хүмүүс бол эмч, эмнэлгийн ажилтнууд. Цар тахлын үед тэд нарын ачаалал хэд дахин нэмэгдсэн ч , хэл үггүй зүтгэсээр. Өдөр шөнө ялгалгүй стресс дунд ажиллах эмнэлгийн ажилтнууд туйлдаж байна. Олигтойхон цалин олгодог бол ч яая гэхсэн. Цалин нь шүлс. Цалингаа буусан өдөр гайгүйхэн амттан үр хүүхдүүддээ амсуулья гэвэл, 1 тор хүнс авахад л урьдчилгаа цалин нь дуусах жишээтэй. Үлдсэн хоногт нь бүсээ чангалаад ч хэрхэн амь зуух билээ. Тиймээс аргагүйн эрхэнд цалингийн зээлэнд хамрагддаг. Төрд тэрсэлсэндээ биш, тэвчээр, хүлээс нь алдарсандаа тэмцэж буй хүмүүс. Зоригтой, чадалтай нэг нь, өөрсдөө зохицуулалт хийж, хувийн эмнэлэгт илүү цагаар ажиллаж, хийсэн ажлынхаа хөлс болгож хэдэн бор төгрөг авч, амьдралдаа нэмэр болгоход нь, халтуур хийлээ, ашиг сонирхлын зөрчил гаргалаа, шуналтай гэх мэтээр нийгмээрээ нүд үзүүлэхдээ гаргууд. Төсвийн байгууллагын ажилтнуудаас хамгийн бага цалинтай нь эрүүл мэндийн салбарынхан. Сонгууль бүрээр эмч , багш нарын цалинг нэмэх амлалт өгдөг ч, хэлсэндээ хэзээ ч хүрдэггүй.
Эрүүл мэндийн салбарын бүтцийг ядаж боловсронгуй болгох эхний алхмыг ч хийсэнгүй. Яг өнөөдрийн нөхцөлд, эмч , сувилагч, асрагч нарын цалин өчүүхэн байгаа нь Эмнэлгийн байгууллагын захиргааны бүтэц данхайсантай ч шууд хамааралтай.
Төсвөөс мөнгө нэмэх хүртлээ юуны өмнө данхайсан бүтцийг өөрчлөх шаардлагатай. Эмч, эмнэлгийн ажилчдад олгох ёстой нэмэгдэл цалингаар нь данхар бүтцийг тэжээдэг нь нууц биш. Үүнийг зогсоовол, эмч эмнэлгийн ажилтны цалин ч нэмэгдэж, дунд шатны том толгойтой дарга захирал нарын завхрал ч арилна. Цаашид цалинг үр өгөөжтэй нэмэгдүүлэх хувилбарыг олж шийдвэрлэх нь нэн чухал. Эмнэлгийн тусламж үйлчилгээний өртгийн жинг бодитоор тооцоолж, үйлчилж буй эмнэлгийн ажилчдад хийсэн ажлын үр дүнгээр урамшуулал олгох (одоо мөрдөж буй зарим нэгэн хууль дүрэм журамд нь өөрчилөлт оруулах ) замаар цалинг нэмэх боломж бий. Үргүй зардлыг ч бууруулах шаардлагатай.
(Хөрөнгө мөнгө шаардсан хурал зөвлөгөөнийг онлайнд шилжүүлэх мэтээр) УИХ, Засгийн газар дээрх ажлыг хийж чадвал нөхцөл байдлыг эхний удаад өөрчилж чадна. Энэ бүхнийг сайтар тооцоолоод, тодорхой хувийг төрөөс санхүүжүүлэх замаар Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Ингэж эмч, эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан А.Цогцэцэг эмч зөвлөлөө.