ТОКИОГИЙН ОЛИМПЫН ЭРГЭН ТОЙРОНД

2021-07-29  

 “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын эргэн тойронд болж буй сонин, содон мэдээг Монголын үндэсний олимпын хорооноос толилуулж байна.

Олимпын наадамд оролцогч 16 хүнээс коронавирус илэрсэн талаар Зохион байгуулах хорооноос мэдээлэв. Харин тэдний дунд тамирчид байгаагүй аж. Одоогоор олимпод оролцогчдоос нийт 240 мянга гаруй шинжилгээ авсан бөгөөд 169 эерэг тохиолдол бүртгэгдээд байна.

Эстони улс Токиогийн олимпын анхны алтан медалиа туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн багийн төрлөөр авав. Тун өрсөлдөөнтэй болсон финалын тоглолтод эстони бүсгүйчүүд БНСУ-ын багийг 36:32-оор хожсон юм. Энэ төрлийн хүрэл медалийн төлөөх тулаанд Италийн баг Хятадыг 32:21-ээр хожлоо.

Эстони улс ЗХУ-аас салан тусгаарласнаас хойш олимпын 4 дэх алтан медалиа аваад байна. Тэд сүүлийн 2 олимпын наадмаас алтан медальтан тодроогүй юм байна.

Японы усанд сэлэгч Юүи Охаши Токиогийн олимпоос 2 дахь алтан медалиа зүүлээ. Тэрбээр энэ сарын 25-нд 400 метрийн чөлөөт сэлэлтэд түрүүлсэн бол өчигдөр 200 метрийн чөлөөт сэлэлтэд мөн тэргүүн байр эзэлж дахин олимпын алтан медаль хүртжээ.

Америкийн усанд сэлэгч Кети Ледеки эмэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаанд 15.37.34 долийн амжилтаар түрүүллээ. Мөнгө, хүрэл медалийг түүний нутаг нэгт Эрика Салливан, Германы Сара Кохлер нар хүртэв. Тэрбээр Риогийн олимпоос 4 алтан медаль хүртсэн амжилтаа Токиод давтах боломжгүй болсон билээ.

Нидерланд улс сэлүүрт завины эрэгтэйчүүдийн багийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоон түрүүллээ. Тэд финалд 5:32.03 минутын амжилт үзүүлсэн юм. Мөнгө, хүрэл медалийг Их Британи, Австралийн баг хүртэв.

Зохион байгуулагч Япон улс олимпийн наадмыг багийн дүнгээр тэргүүлж байна. Тэд нутаг дээрээ 13 алт, 4 мөнгө, 5 хүрэл, нийт 22 медаль хүртээд байна. Япон улс 2016 оны Риогийн олимпоос 12 алт авсан бол энэ жил нутаг дээрээ эхний таван өдөр л 13 алт зүүжээ. Удаах байруудад БНХАУ /12+6+9=27/, АНУ /11+11+9=31/, Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/ /7+9+6=22/ бичигдэж буй бол нэг мөнгө, хоёр хүрэл медальтай Монголын баг 38 дугаарт бичигдэж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?