"Түрүүллээ, алтан медаль авлаа л" гэж сонсож сурсан Хятад иргэд Олимпийн холимог хосын анхны алтан медалийг Япончуудад алдсанд ихээхэн эгдүүцэн дургүйцэж байна. - Япончууд илүү сайндаа хожоогүй. Манай холимог хос л тун тааруухан тоглосон. - Харьж яваа, хоёр хөгшин тамирчныг олимпод явуулдаг буруу шийдвэр. -Шинэ залуу хосыг сойсон бол алтан медалиа алдахгүй байсан юм. -Япон улсын ширээний теннисний хөгжил манайд хэдийнээ ойртжээ. - Хятадын Ширээний теннис асуудалтай гэдгийг энэ алдагдсан алтан медаль илэрхийллээ гэж Хятад улсын томоохон сонин хэвлэлд бичиж, өргөнөөр хэлэлцэн шүүмжилж байна. Харин Япончууд асуудлыг өөрөөр харж, тайлбарлаж байна. - Энэ л алтан медалийг авах гэж Токио-2020 зуны олимпийн төрөлд эзэн орны давуу эрхээ эдэлж холимог хосын төрлийг багтаасан. Энэ медалийг авчрахын тулд 16 жилийг зориулж, зарцуулсан. Дэлхийн " алтан хос"-ыг ялж, Олимпийн " алтан хос"-ыг бий болгосон гэж Японы хэвлэл бичиж байна. Жун Мизутани - Мимо Итогийн хос эхний хоёр өргийг Шү Шин-Лиу Шэ Вэйн хосод хялбархан алдсан ч гурав дахь өргийг талд шийдвэрлэж чадсанаар тоглолтыг эргүүлсэн. Улмаар шийдвэрлэх долдугаар өргийг 8:0-ээр хошуучилж , боломж олголгүй, оноогоо ахиулсаар 11:6-аар хожиж, Япончуудаа баярлуулж, тэдний удаан хүлээсэн олимпийн алтан медалийг Япон орондоо авч үлдсэн. Одоохондоо Хятадууд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн. Энэ хоёр улсын тамирчдын хувьд хэн нь багийн алтан медаль авах вэ?гэдэг нь энэ сарын 6-ны өдөр тодорно.
Э.ЛХАГВАСҮРЭН (ОУХМ)