МАЛАЙЗЫН ПАРАЛИМПЫН ТАМИРЧИН ТАЛБАЙД ХОЦОРЧ ГАРСАН ШАЛТГААНААР АЛТАН МЕДАЛИА ХУРААЛГАЖЭЭ

2021-09-06  

Токио хотод үргэлжилж буй паралимпын наадамд оролцсон Малайзын бөөрөнцөг түлхэлтийн тамирчин Мухаммад Зияд Золкефли өнгөрсөн Мягмар гарагт дэлхийн дээд амжилтыг тогтоож, алтан медаль зүүгээд байсан юм. Энэ төрөлд оюуны хөгжлийн бэрхшээлтэй тамирчид өрсөлддөг байна.

Тамирчин медалийн төлөө тэмцээнд оролцохоор талбайд гарахдаа гурван минут хоцорсон байна. Тухайн үед хоцорч ирсэн тамирчинд хүндэтгэх шалтгаан гарсан байж болзошгүй гэж үзэн тэмцээнд оруулжээ. Харин дараа нь шалгахад Золкефли ямар ч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүгчдийг гурван минут хүлээлгэсэн нь тодорхой болсон учир Олон Улсын Паралимпын Хороо түүний медалийг хураах шийдвэр гаргажээ. Хураасан алтан медалийг энэ төрлөөс мөнгөн медаль аваад байсан Украины тамирчин Максим Ковальд шилжүүлжээ.

Малайзын тал медаль хураах шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч бүтээгүй байна. Тэд хэлний бэрхшээлээс болоод тамирчин нэрийг нь дуудаж байгааг ойлгоогүй гэж тайлбарлажээ.

Медаль хураах шийдвэр Малайзын олон нийтийн дунд бухимдал үүсгээд байна. “Энэ бол паралимпын үзэл санаанаас ухарсан шийдвэр. Дэлхийн дээд амжилт, алтан медалийг маань дээрэмдлээ” гэж Малайзын шинжлэх ухааны сайд Хайри Жамалуддин твиттер хуудсандаа харамсан бичсэн байна.

Малайзын хаан бас уг маргаанд оролцож, медаль хураалгах болсон шалтгааныг нарийвчлан шалгах, дахин ийм алдаа гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаны хүмүүст даалгасан тухайгаа мэдэгджээ.

Тус улсын хаан Султан Абдуллах Султан Ахмад Шах бас Золкефлигийн гаргасан амжилтаар бахархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Үүнээс гадна алтан медалийг шилжүүлж авсан Украины тамирчныг малайзчууд сошиал орчинд дайрч, доромжлох явдал гарсан байна. Олон Улсын Паралимпын Хорооны хэвлэлийн төлөөлөгч Крэйг Спэнс “Дүрэм бол дүрэм. Шийдвэр гарахад Украины тамирчинд ямар ч буруу байгаагүй. Сошиал орчинд түүний эсрэг дайрч давшилж байгаад харамсаж байна” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?