Цэндбаатарын хүсэлтийг ёсоор болгож Тулгатай спарринг хийлгэх шийдвэр гаргаснаа Боксын Холбоо зарлалаа.
2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэт хотод тэд тулалдана. Үзэгчгүй зааланд, 5 шүүгч шүүх уг спаррингийг телевизээр шууд дамжуулна. Ялсан нь Дэлхийн АШТ-д оролцоно. Тулга ДАШТ-д оролцох эрхээ авсан байсан хэдий ч Цэндбаатартай спарринг хийхийг зөвшөөрсөн. Тэрбээр Москва хотноо зохиогдож буй Армийн ДАШТ-д оролцож буй. Тулга Холбооны шийдвэрийг дагана гэж мэдэгдсэн гэж Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Цэндбаатар тамирчны хувьд сахилга бат сул. Үргэлж л асуудал дагуулдаг. Түүний уучлал гуйсан өргөдөл олон. Холбоо тэр бүрт Цэндбаатарт боломж олгож, түүнийг уучилж ирсэн. Энэ удаа ч гэсэн уучилж, боломж олголоо гэж Холбооны удирдлага нэмж тодотголоо.
"Би одоо 25 настай. Боксчины карьер 30 хүрээд дуусдаг. Энэ Дэлхийн АШТ-ийг өнжих юм бол дахиж оролцох боломжгүй. Би насаараа харамсах болно. Мөн энэ ДАШТ-д намайг олимпод ялсан Орос тамирчин оролцох юм билээ. Түүнд хэн нь жинхэнэ олимпийн медальтан бэ? гэдгээ харуулна " гэж Цэндбаатар өргөдөлдөө бичсэн байна.
Цэндбаатартай спарринг хийх Тулга нь өдгөө дөнгөж 20 настай. Сорил тэмцээнд түрүүлж, ДАШТ-д оролцох эрхээ халаасалсан Тулга өмнө нь Цэндбаатартай гар зөрүүлж байгаагүй гэж Холбооныхон тодотголоо. Ийнхүү ирэх сарын 03-ны өдөр Тулгыг ялж чадах аваас Цэндбаатар ДАШТ-д оролцох нь.
Ц.БАТ-ЭНХ