2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр Серби улсын Белград хотноо зохиогдох ДАШТ -д Монгол улсаас оролцох 9 боксчинг МБХ өмнө нь сонгон шалгаруулсан байсан. Уг сорилтонд Цэндбаатарыг оролцуулаагүй байсан аж.
- 48 кг: ОУХМ Г.Ган-Эрдэнэ
- 51 кг: ОУХМ Х.Энхмандах
- 54 кг: Э.Баярсайхан
- 57 кг : Б.Буяндалай
- 60 кг: О.Тулга
- 63 кг: Б.Төгөлдөр
- 67 кг: Б.Чинзориг
- 71 кг: О.Бямба- Эрдэнэ
- 75 кг: Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ
Есөн жинд шалгарсан дээрхи боксдын хамт сорилтонд амжилттай оролцсон 22 тамирчин ДАШТ-ний цугларалтанд гарсан байна. Боксын холбооноос Цэндбаатарт сүүлчийн боломж олгож, спарринг хийх эрх олгосон учир тэр цугларалтанд хамрагдах болов. ДАШТ-ын цугларалтын үр дүнг хэлэлцэж, боксын нэг, хоёрдугаар шигшээ багийг албан ёсоор зарлах болно гэж тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Нямбаатар өмнө нь мэдэгдсэн.
Энэ ДАШТ -д оролцох хамгийн өндөр настай боксчиноор У.Мөнх-Эрдэнэ тодорсон. У.Мөнх-Эрдэнэ нь тухайн цагтаа мөн л Цэндбаатарын адил Боксын Холбооны удирдлагуудтай сөргөөцөлдөн тэмцэлдэж байж Лондонгийн олимпод оролцсон. Тэр олимпоос хүрэл медаль хүртсэн Мөнх-Эрдэнэ нь 2009 оны Милан болон 2013 оны Алматагийн дэлхийн аваргын хошой хүрэл медальтай туршлагатай тамирчин юм.
Энэ удаагийн ДАШТ нь Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод зохиогдох байсан ч, зохион байгуулагч тал гэрээгээ цуцалж, 500 мянган ам.долларыг AIBA-д төлснөөр Серби улсад эрхийг нь шилжүүлсэн байна.
Э.ОТГОО