FIFA: ТАМИРЧДАД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН ДАСГАЛЖУУЛАГЧИД ОНОГДУУЛСАН ШИЙТГЭЛЭЭ МЭДЭЭЛЭЭГҮЙ МХБХ-Г ШҮҮМЖЛЭВ

2021-10-22  

Монголын Хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ны “U15” охидын шигшээ багийн менежер Б.Учралсайхан 2019 оны наймдугаар сард Өмнөд Солонгост болсон  Зүүн өмнөд Азийн хөлбөмбөгийн наадмын үеэр согтуу үедээ шигшээ багийн 15 настай охидыг зодож, бэлгийн дарамжт үзүүлж, хүчирхийлэл үйлдэхийг завдсан хэрэг гарсан.

Тухайн үед уг асуудал Япон Ерөнхий дасгалжуулагч Наоко Кавамотогийн МХБХ-ны удирдлагуудад илгээсэн захидлаар ил болж байв. Захидалд Б.Учралсайхан шигшээ багийн тамирчдыг уг явдлаас өмнө удаа дараа дарамталж, ёс зүйн доголдол гаргаж байсан талаар дурдсан байдаг.

Харамсалтай нь, МХБХ уг асуудалд хариуцлага тооцоогүй бөгөөд ерөнхий дасгалжуулагчийн захидлыг нуун дарагдуулахыг оролдсон байдаг. Тухайлбал, нэрээ нууцалсан нэг хохирогч МХБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал тоглогчдод хүчирхийллийн талаар дуугарахгүй байхыг анхааруулсан талаар мэдээлсэн байдаг.

Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг асуудлыг ил болгосноор МХБХ-ноос мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Б.Учралсайхан шигшээ багийн өсвөр насны охидын биед халдаж, бэлгийн дарамт учруулсныг тогтоосон юм. Улмаар түүнд дотоодын хөлбөмбөгийн спортын бүх арга хэмжээнээс түдгэлзүүлэх шийтгэл оногдуулсан.

Харин Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ болон Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ны сахилга бат, ёс зүй хороо 2021 оны наймдугаар сард Б.Учралсайханд оногдуулсан шийтгэлийг дэлхийн хэмжээнд хөлбөмбөгийн бүх арга хэмжээнээс түдгэлзүүлэх шийтгэл болгон өргөжүүлсэн юм.

Тэгвэл “FIFA” өсвөрийн шигшээ багийн тамирчдыг зодож, бэлгийн дарамт учруулсан этгээдэд ногдуулсан эрх хасах шийтгэлийг МХБХ одоог хүртэл олон нийтэд зарлаагүй байгаа явдлыг хурцаар шүүмжилсэн байна.

Олон улсын хөлбөмбөгийн тамирчдын холбоо буюу “FIFpro”-гоос энэ талаар Их Британийн “The Guardian” хэвлэлд “Ийм асуудалд гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд дан ганц хувийн шийтгэл оногдуулах нь хангалтгүй. Энэ нь мэргэжилтнүүд клуб, улс орон дамжин байнга солигдож байдаг хөлбөмбөгийн ертөнцөд гэмт этгээдүүд өөр газарт ажиллах боломжийг олгодог. Тоглогчдын аюулгүй байдлыг хангахын тулд бидэнд гэмт үйлдэл гаргасан хүмүүсийг нэн даруй түдгэлзүүлж, энэ тухай мэдэгдлийг олон нийтэд хүргэх систем хэрэгтэй байна.

Хэрэв мөрдөн шалгалтаар гэм буруутай нь тогтоогдож хориг, шийтгэл оногдуулсан бол үүнийг олон улсын хэмжээнд бүртгэлжүүлэх ёстой. Тоглогчид, клубууд, лиг болон холбоод өөрсдийгөө болон тамирчдыг хамгаалахын тулд ийм төрлийн бүртгэлд нэвтрэх боломжтой байх ёстой” гэх байр суурийг илэрхийлсэн байна.

Мөн “The Guardian”-д мэдээлснээр МХБХ-ны сахилгын хороо Б.Учралсайханд авсан арга хэмжэг Азийн хөлбөмбөгийн холбоонд гурван сарын дараа мэдээлсэн талаар дурдсан юм. Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ө.Шижир хэрэг гарсны дараа Б.Учралсайханг ажлаас халах шийдвэр гаргасан байдаг ч тэрээр тухайн оныхоо арваннэгдүгээр сарыг хүртэл МХБХ-нд албан тушаал хашиж байсан гэжээ.

Тухайлбал, тэрээр 2019 оны аравдугаар сарын 16-нд МХБХ-ны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилсан “FIFA”-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантинотой авахуулсан зургаа өөрийн фэйсбүүктээ нийтэлж байсан аж.

МХБХ энэ асуудлаар “The Guardian”-д тайлбар өгөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримт ил болох хүртэл Б.Учралсайханы асуудлыг ёс зүйн хороонд шилжүүлээгүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ ерөнхий дасгалжуулагч Наоко Кавамотогийн захидлыг үндэслэн түүнийг ажлаас халах арга хэмжээ авсан гэжээ.

Харин “FIFA”-гийн хэвлэлийн төлөөлөгч “Уг асуудал хэвлэлээр гарч эхлэх үед МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ө.Шижир хэргийг сахилгын хороондоо шилжүүлсэн. Ёс зүйн хороогоор асуудлыг шийдвэрлэсний дараа МХБХ-ны дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал 15-17 хүртэлх насны багуудын эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулж, тэднээс уучлалт гуйж, цаашид охидод илүү анхаарч, халамжлахаа амлан, талууд нэгдсэн ойлголтод хүрсэн” гэж мэдээлсэн байна. 

Эх сурвалж: http://itoim.mn/article/duNE7/30168

https://www.theguardian.com/football/2021/oct/21/fifa-criticised-over-handling-of-sexual-harassment-case-in-mongolia

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?