Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга М.Уранцэцэг зодог тайлсны дараачаар UFC-д хүч үзнэ гэж VISAASIA.NEWS-т ярилцлага өгсөн байна Энэхүү ярилцлагыг Sportlife.mn сайтын уншигчдадаа толилуулья. "Өөрийн эрхэлж буй ажилдаа дурла. Сэтгэл зүрхээ зориул. Хамгийн чухал нь зорилгоо ухамсарла ". Энэ бол жудогийн дэлхийн аварга, Монголын жудоч Мөнхбатын Уранцэцэгийн хэлсэн үг. Тэрбээр 2012, 2016, 2020 оны зуны олимпод дараалан оролцсон, Дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл ( одоо 3 болсон) хүртсэн. 2017 онд Ази тивийн аварга, 2010, 2014 онд Самбогийн дэлхийн аварга болсон. 2019 оноос VISA-д нэгдсэн Монголын анхны эмэгтэй жудоч. Өнгөрсөн зун Токио-2020 зуны олимпоос хүрэл медаль авсан. Дээрх амжилтаас гадна, Олон улсын өндөр чансаа бүхий тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн эмэгтэй тамирчин гэсэн Гиннесийн рекордыг эзэмшигч юм. Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар 17-ноос 2021 оны гуравдугаар сарын 26-ны хооронд 39 медаль хүртсэнээс, 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл медалийг 48-52 кг- ийн жинд авчээ. Тэрбээр ойрын ирээдүйд мэргэжлийн UFC -ийн дэвжээ рүү шилжих бэлтгэлээ базааж байна. Тэр өөрийн мэдлэг, туршлага, сэтгэл зүрхээ спортын шинэ төрөлд зориулахад бэлэн болжээ гэж ярилцлагаа эхэлсэн байна. Цааш нь асуулт, хариулт өрнөжээ. Толилуулбал: - Нэг: Та өөрийгээ танилцуулна уу? - Би 1990 оны гуравдугаар сарын 14-д төрсөн. Хоёр ах, нэг охин дүүтэй. Дуу дуулах, ууланд авирах, экстрийм спортоор хичээллэх дуртай. Морь унаж, адуу мал маллаж, багаасаа хөвгүүдтэй үндэсний бөхөөр барилдаж, хөдөө өссөн. Барилдах бүртээ ялна. Аав, ээж хоёр маань аль аль талдаа бөхийн удамтай. Тиймээс л би бөх болсон. Ялагдах, сэтгэл санаагаар унах үедээ бэлтгэлээ улам базааж, чихэвчээр дуу сонсож, дотоод хүнтэйгээ ярилцдаг. Хоёр: Жудогоор анх хичээллэж эхэлж байхдаа Та юу мөрөөдөж байв? Өнөөдөр энэ өндөрлөгт хүрсэн жудочийн хувьд Монголын шинэ залуу сумочдод Та ямар зөвлөгөө өгөх вэ? - Би анх 16 настайдаа жудод хөл тавьсан. Дэлхийн хэмжээний том бөх болно гэж хүсэж мөрөөдөж байсан. Би жудогоор хичээллэж эхлэх эхний өдрөөс л жудод дурласан. Жудо барилдахаар заяасан мэт санагдсан. Тэгээд л дэлхий, олимпийн аварга болох зорилго тавьсан. Эргээд харахад, өмнөө том зорилго тавьсан нь зөв байж. Мэдээж, энэ зорилгоо биелүүлэх нь хялбар байгаагүй. Залуучуудад зөвлөхөд, эрхэлж буй ажилдаа сэтгэлээ бүрэн өгч, тэгээд зорилгоо ухамсарлах нь хамгаас чухал. "Асгаруулах дусал хөлс бүр нэгэн цагт шагналаа хүртдэг " гэж би өөртөө хэлэх дуртай. Гурав: Өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд Танд юу нөлөөлөв? Миний эцэс цуцашгүй хичээл зүтгэл өнөөдрийн Уранцэцэгийг бий болгосон. Мөн Монголчуудын итгэл намайг энэ амжилтын өндөрлөг өөд хөтөлсөн. Тамирчин хүний хамгийн гол дайсан бол бэртэл гэмтэл. Би мөрөндөө, өвдгөндөө бэртэл авч байсан. Миний хувьд бие болон сэтгэлийн том сорилтой тулгарсан. Намайг дэмжсэн Монголчуудын итгэл найдвар, юу ч тохиолдсон надтай хамтдаа миний гэр бүл байсан тулдаа энэ бүх саадыг даван туулж чадсан. Дөрөв: Та хэрхэн , яаж Visa-багийн гишүүн болов? VISA таны хувьд юу вэ? - 2019 онд, Худалдаа Хөгжлийн Банк надад санал тавьсан. 54 зах зээлд, 102 VISA -team тамирчид байдаг тухай сонссон. Дэлхийн өнцөг бүрээс олон зуун шилдэг тамирчин нэгдсэн энэхүү багийн нэг гишүүн болсондоо сэтгэл өндөр байдаг. Тав: Та эцсийн зорилго, ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач? -Ойрын ирээдүйд би UFC-д хүчээ сорино. Дэвжээгээ орхисны дараа хувийн бизнесээ хөгжүүлнэ. Монголын залуу жудочдыг бэлтгэх мэргэжлийн өндөр түвшиний жудогийн тусгай сургууль байгуулна даа. Ийм ярилцагыг Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт, Гиннесийн рекорд эзэмшигч, саяхан Хөдөлмөрийн баатар цол хүртсэн М.Уранцэцэг өгснийг орчуулан буулгалаа.
Эх сурвалж: Sportlife.mn