Бөхчүүдийн хууч: Д.МӨНХ-ЭРДЭНЭ: СҮХБАТ ШИГ ШИЛЭГДМЭЛ БӨХТЭЙ НЭГ ҮЕ ТӨРНӨ ГЭДЭГ НЭГ БОДЛЫН АЗ, НӨГӨӨ БОДЛЫН ЭЗ ЮМ

2021-11-22  

 Улсын баяр наадамд 5 удаа үзүүрлэсэн улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ ид үедээ хуучнаар ЗХУ-ын Рига хотод Нисэх Хүчний Дээд Сурргуульд оюутан байсан. Тиймээс 26 нас хүртлээ улсын наадамд хүч сорилгүй явж ирсэн байдаг. Энэ тухайгаа: -Манай сургууль бол бүх холбоотын том сургууль. Хорь гаруй мянган оюутантай, дан эрэгтэй хүүхдүүд. Монголынхоо нэрийг гаргана. Сургуулийн өмнөөс тэмцээнд орно, байнга медальт байранд шалгарна. Сургуулиас гадна район, хотын аварга, улсын аварга гэх мэтээр медаль их авдаг, аваргалдаг байсан. Сургуулийн хүндэт самбарт миний нэр байдаг байлаа. Миний улсын аварга болох тоо тэнд гүйцчихсэн байх гэж бодогддог. Оюутан цагийн хичээлийн хажуугаар бэлтгэлээ маш сайн хийдэг байсан. Самбо, жүдо бөхөөр сардаа хоёр, гурван тэмцээнд орно. Миний сурдаг Рига хотод ч, Зөвлөлтийн өөр хотуудад ч тэмцээнд оролцоход р хоол, байр, томилоотын зардал мөнгийг сургуулиас шийдээд өгчихдөг байв. Бэлтгэл хийдэг газар нь л гэхэд манай тэр үеийн улсын шигшээгийнхэнтэй л адилхан нөхцөлтэй. Оросууд спортыг сайхан хөгжүүлнэ, авьяастай хүнийг хүндэлдэг, дэмждэг тийм л байсан. Хоёр жил барилдаад гурав дахь жилийнхээ намар нь ЗХУ-ын спортын мастерын болзол бичүүлж байсан юм. Намар нь самбо бөхөөр, хойтон хавар нь жудо бөхөөр ЗХУ-ын спортын мастер болж байлах. Ид байх, 21-26 насандаа өөрөөсөө өндөр, биерхүү оросуудтай л их барилдсан даа. Би тэр үед 90 кг-тай, 1 метр 82, 83 өндөртэй, гутал 44 размер өмсдөг. Миний тэр размер бол Латвийн, Ригагийн эрчүүдийн дундаж размерт л тооцогдоно. Оросууд дундаа, Латвичууд өндөртөө орно. Эр, эмгүй том сайхан бие хаатай хүмүүс. Байгаль ч сайхантай газар байсан. Ер нь спортоор хичээллэхэд бүх нөхцөл нь бүрдчихсэн байсан даа. Тэндээ Нисэх хүчний дээд сургуулийг төгсгөж, 26 настайдаа Монголын нууц товчооны 750 жилийн ойн барилдаанд зодоглож, дөрөв давсан. Тавын даваанд Дүвчин заанд унасан. Миний харамсаж явдаг наадам гэвэл тэр. Дүвчин заантайгаа бол урьд нь хэд хэд барилдаад нэлээдгүй давчихсан байсныг хэлэх үү. Тооцоо л алдсан. Дүвчин заан бол надад унана гэж тооцож, шийдэмгүй барилдсан. Үндэсний бөх чинь өвөрмөц. Байнгын бэлтгэл шаардана. Илүү ч байсан өвдөг хүрвэл ялагдана. Бөхийн бусад төрлөөс ялгаатай нь тэр. Миний хувьд Орост бэлтгэл хийж байсан нь эрч хүч өгсөн. Хоёрдугаарт өөрөөсөө бяртай, хүчтэй хүмүүстэй их тулж байсан. Манай үндэсний бөхөд том биетэй бөх цөөхөн учир жижиг биетэй бөхтэй илүү олон барилдана шүү. Төгсөж ирээд үндэсний бөхөөр жил тойрон бэлтгэлээ сайн хийсэн. Дээр нь Орост төлөвшсөн, спортоос олж авсан тэсвэр тэвчээр, өөртөө итгэх итгэл, эцэж цуцахгүй байдал, бүх бэлтгэлийг системтэй зөв хийлгэдэг байсан зэрэг нь надад нөлөөлж, Монголдоо ирээд ерөөсөө гологдох юм байхгүй, бараг шилмэл маягтай болох тийм суурь тавигдсан. Тэр эрчээр л дараа жил нь улсын начин цолонд хүрсэн . Нэгийн даваанд улсын заан Одгэрэл, хоёрын даваанд улсын заан Баярсайхан гээд л, Бямбадорж заантай тавын даваанд тунасан. Даваа бүр тунаа байж билээ.

Начины болзол хангачихаад зургаагийн даваанд П.Сүхбатад унадаг юм. Тэр хавар нь би П.Сүхбатыг зааланд зөндөө хаячихсан байсан. Наадмаар тавын даваанд Бямбадорж уначихаад ирж уйлаад л, уйлахаар нь дагаж уйлаад, бие сулраад гар атгахаа байгаад. “За за хямраад яах вэ, сайн уйлчих тэгээд дотор чинь онгойгоод тайвширна” гээд хүн ярьдаг шүү дээ. Тэр ёстой буруу юм байна. Тэгж хямрах ёсгүй юм байна лээ. Тэгэхэд нэг тэгж гэнэдсэн, залуу хүний л алдаа шүү дээ. Хойтон жил нь П.Сүхбаттайгаа наймын даваанд таарсан, өвөл нь зааланд наадмаас хойш П.Сүхбатад зөндөө уначихсан. Үе улсууд чинь өгөө аваатай. П.Сүхбат тэгэхэд урд жилийн наадамд Бат-Эрдэнийг хаячихсан, 91 онд бид нар чинь дээр доороо орох маягтай байв. 1992 оны наадмаар өвөлжин уначихсан юм чинь одоо дахиж унаж болохгүй шүү гэж дотроо бодож хичээсэн. П.Сүхбат бол өвөлжин хаячихсан гэдэгтээ бас эрдүү байсан байх. Тэгээд л үзсээр байгаад, давах нь давсан. Тэр даваа тийм ч амар ч даваа байгаагүй. П.Сүхбаттай олон том хариуцлагатай даваан дээр таарч байсан. Сул амархан давах ямар ч хувилбар үлдээдэггүй бөх. Биеийн ерөнхий хөгжил сайтай, зориг зүрхтэй, тухайн үеийн дэлхийн шилдэг бөх. Дэлхийн чөлөөтийн эрэмбэд эхний нэг, хоёр, гуравт л эрэмблэгддэг байсан үе нь. Тийм шилэгдмэл бөх чинь бас өөр л дөө. Монголд тийм шилэгдмэл хүнтэй нэг үе төрнө гэдэг чинь нэг бодлын азтай ч юм шиг, нэг бодлын азгүй ч юм шиг байгаа байхгүй юу гэж Мөнх-Эрдэнэ арслан дурссан байдаг. Тэрбээр хоёр гар, шуундаа ихээхэн бяртай, ямар ч бөхийг татаж, урдуураа гүйлгээд, цохидог хүчтэй бөх байсан. Бат-Эрдэнэ аваргыг шөрмөс тасарсан жил нь хөлийг нь хавсран цохих үндсэн мэхээ хийлгүй унасан хүн чанартай бөх гэж тухайн үеийн бөхчүүд нь үнэлдэг. Хоёр Мөнхийн үе гэж ярьдаг байсныг "Хоёр Эрдэнийн үе" гэж залгасан бөхийн нэг бол яах аргагүй Д.Мөнх-Эрдэнэ арслан юм.

No description available.

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОЙН ХУДАЛДАЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?