ХОККЕЙЧИД АНХ УДАА МОНГОЛДОО БИТҮҮ ДЭЭВЭРТЭЙ ОРДОНД ХҮЧЭЭ СОРЬЖ ЭХЭЛЛЭЭ

2021-11-22  

Ням гарагт /2021.11.21/ Монголын хоккейн спортын түүхэнд бичигдэх тоглолт болж, анх удаа битүү дээвэртэй олон улсын стандартын Мөсөн өргөөндөө Монголын хоккейн холбоо /МКХ/-ны лигийн хасагдах шатны тэмцээнээ эхлүүлсэн юм.

Монголын хоккейчид эх орондоо битүү дээвэртэй /Степпе арена/ ордонд анх удаа ур чадвараа сорин тоглож байгаа энэ үйл явдал нь ДАШТ, олимпод оролцох үе үеийн хоккейчдын хүсэл мөрөөдлийг бодит болгох эхлэл боллоо.

Дэлхий дахинд нүүрлэсэн “Ковид-19” халдварын улмаас 2 жил завсарласан Монголын хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний плэй-оффын тоглолтууд ийнхүү эхэлж, энэ сарын 24-нд финалын шатны өрсөлдөгчид шалгарах юм.

Энэ өдрийн эхний тоглолт Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” баг, Багануур ХК-ийн “Багануур багтай өрсөлдлөө. Хоёр багийн хэн түрүүлж, 2 ялсан нь шигшээд шалгарч тоглоно.

МКХ-ны 2019-2020 оны лигийн тэмцээнд нийт 6 баг оролцоход плэй-оффын шатанд Эрдэнэтийн “Хангарьд” клуб нэгдүгээрт эрэмбэлэгдэж 4 дүгээр байраар шалгарсан “Багануур” багтай оноолт таарсан бол “Отгон од- Бласт” баг гурван тойргийн дараах байдлаар цуглуулсан онооны дүнгээр 2 дугаарт эрэмбэлэгдэж, плэй оффын шатанд “Шарын гол” багтай учраа таарсан.

Монголын хоккейн лигийн тоглолтуудыг MNB SPORTS суваг шууд дамжуулан үзүүлж байгаа юм.

Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд”, Багануур ХК-ийн “Багануур” багтай тоглосон эхний үед “Хангарьд” баг 2:0-ээр илүүрхлээ. Энэ багийн эхний гоолыг ОУХМ Н.Мишигсүрэн орууллаа. Тэрбээр Монголын шигшээ багт олон жил тоглож байгаа хашир мастер бөгөөд энэ гоол Монголын хоккейн түүхэн дэх битүү ордонд оруулсан анхны гоол болж байна.

Плэй-оффын эхний тоглолтод лигийн 5 удаагийн аварга, 2 мөнгө, 3 хүрэл медальтай Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” үнэхээр бэлтгэл сайн гэдгээ харуулж 12:3-аар лигийн 5 удаагийн аварга 3 мөнгө, 4 хүрэл медальтай Багануур ХК-ийн “Багануур” багийг хожлоо. Өнөөдөр 18.00 цагаас тус 2 баг дахин тоглох бөгөөд түрүүлж 2 ялсан баг нь финалд шалгарах юм. 

Лигийн хасагдах шатны 2 дахь тоглолтод “Отгон од- Бласт” баг, “Шарын гол” багтай тоглосон бөгөөд эхний үед аль нь гоол оруулалгүй дуусгав. Тус тоглолтын эхний гоолыг 2 дугаар үеийн 7 дахь минутад Шарын гол багийн Э.Батбилгүүн орууллаа. Улмаар 3 дахь үеийн 4 дэх минутад Г.Мөнхтулга ганцаар сугарч гаран, гоол оруулснаар “Шарын гол” баг 2:0 тэргүүлж эхэллээ.

Цаг дуусахад 6 минут дутуу байхад “Отгон од- Бласт” баг торгуулиар хүний илүүтэй болсон. Тэд нэг гоол нөхөх гэж хаалгачаа суулган, хоёр хүний давуутай тоглосон ч хаалгандаа дахин гоол алдаж “Шарын гол” баг 3:0-ээр ялалт байгуулав. Тэд өнөөдөр дахин тоглоно. 

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОЙН ХУДАЛДАЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?