Парис хотод Алтан бөмбөгийн шагнал гардуулах ёслол болж, Парис Сан Жермен багийн довтлогч Лионель Месси оны шилдэг хөмбөгчийн шагнал алтан бөмбөгийн эзнээр тодорлоо. Өмнө нь 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 онуудад энэхүү шагналыг хүртэж байсан тэрбээр ийнхүү долоо дахь алтан бөмбөгөө өргөлөө. Өнгөрсөн долдугаар сард Аргентины шигшээ багийнхаа хамтаар Копа Америкад түрүүлж, алтан бөмбөг хүртэх болзлоо хангасан Месси шагналаа авсныхаа дараа “Дахин энэ тавцанд зогсож байгаа маань үнэхээр гайхалтай.
Хоёр жилийн өмнө би сүүлийн алтан бөмбөгөө хүртлээ л гэж бодож байсан. Копа Америкад түрүүлсэн нь энд зогсох гол түлхүүр боллоо. Надад хөлбөмбөг тоглоход хэдэн жил үлдсэнийг хэлж мэдэхгүй. Ямар ч гэсэн хөлбөмбөгөөс би баяр баяслыг мэдэрдэг. Тиймээс цаашдаа олон жил хөлбөмбөг тоглоно гэж найдаж байна” гэв. Месси нийт 613 оноотой түрүүлсэн бол түүнтэй өрсөлдсөн Роберт Левандовски 580 оноо, Жоржиньо 460 оноо авч гуравдугаарт бичигджээ. Түүнийг дахин Алтанбөмбөгийн эзэн болсонд Барселона багт хамтдаа зүтгэж байсан африк хөлбөмбөгч Самуэль Это:- Миний бодлоор дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч бол Месси. Шилдэг тоглогч хэзээд шилдгээрээ үлддэг. Тиймээс Месси ирэх улиралд найм дахь алтанбөмбөгөө өргөх болно гэж Мессиг дэмжлээ.
Месситэй өрсөлдсөн Роберт Левандовски 2020 онд 47 гоол оруулсан амжилтаар оны шилдэг довтлогчийн шагналыг хүртлээ. Оны шилдэг хаалгачид гардуулдаг Яшины цомын эзнээр ПСЖ болон Италийн шигшээ багийн хаалгач Жианлуижи Доннарумма тодров. Оны шилдэг багаар Челси тодорсноор уг ёслолын арга хэмжээ өндөрлөлөө.