"PEOPLE" сэтгүүл 2021 оны салбар салбарын тэргүүнүүдийг нэрлэж, "PEOPLE-100" цомоо гардууллаа. Хүндийн өргөлтийн Анхцэцэг- спортын, бариач Ганчимэг - эрүүл мэндийн, Техник Технологийн Дээд Сургууль оны онцлох боловсролын байгууллага зэргээр шалгарлаа. Уг шагналыг нийтдээ 20 гаруй байгууллага, хувь хүмүүс хүртлээ. - Сар тутам шинэ дугаараа уншигчдадаа хүргэдэг People сэтгүүл долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлж байна. Сэтгүүлийн зүгээс жил бүрийн оны төгсгөлд салбарын онцлохоо шалгаруулдаг ёслолын үйл ажиллагааг эрхэлдэг сайхан уламжлал тогтсон. Сүүлийн 2 жил ковидын улмаас завсарласан байсныг 2021 онд дахин сэргээлээ. Сэтгүүлийнхээ онлайн хувилбарыг ашиглан уншигчдын санал, шинжээчдийн дүгнэлтэнд тулгуурлан 2021 оны шилдгүүдээ тодрууллаа. Энэ шалгаруулалтанд идэвхи зүтгэл гаргасан шинжээчид, уншигчдадаа баярлалаа. Уг ёслолын арга хэмжээг дэмжсэн Corporate -Нүхтийн хамт олонд талархлаа илэрхийлье. Шилдгүүддээ баяр хүргэж, улам их амжилт хүсье гэж PEOPLE- AWARDS-ийг нээж хэлсэн үгэндээ тус сэтгүүлийн эрхлэгч С.Бэлэгмаа онцоллоо. - Боломжгүй, болохгүй, нэмэргүй, эмчилгээгүй гэсэн үгэнд би дургүй. Эх нялхсын эмнэлгийн зарим эмч нараас эмчилгээгүй гэсэн хариу дуулсан олон эцэг эх над дээр нялх үрсээ дагуулан ирдэг. Би тэдэнд ганцхан хариулт өгдөг. Бүх зүйл боломжтой гэж. Түүнийгээ ч амьдрал дээр харуулж ирлээ. Өвчтэй хүүхдийг эрүүл саруул болгох нь миний үүрэг. Би 5 настайгаасаа хүмүүсийг барьж эхэлсэн. Мамба дацан төгсөж, Хөх хотод ажилласан. Намайг АНУ-ын эмнэлэгт ажиллахыг урьсан. Цар тахал гарсан учир явж чадахгүй байна. Гэхдээ Монголд хийх ажил, туслах хүүхэд их байна гэж бариач Ганчимэг шагнал авахдаа хэллээ. - Манай сургууль бол дэлхийн түвшинд хүрсэн. Сургалтын материаллаг баазаар Монгол улсдаа тэргүүлдэг. Багш нар нь өндөр мэргэжилтэй. Оюутнууд нь амьдралд бэлтгэгддэг. Төгсөөд шууд л ажиллах чадвартайгаар төгсдөг. Өөрөөр хэлбэл манай сургууль өндөр чадварын сантехникч, гагнуурчнаас өгсүүлээд зам, гүүр, барилгын инженер техникийн ажилтныг бэлтгэдэг. Хөгжил бол чадвартай хүн юм. Ийм хүнийг бид бэлтгэн, Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулдаг гэж тус сургуулийн Коллежийн захирал Баярмаа онцоллоо. Шагналтнууддаа баяр хүргэе.
Б.ПҮРЭВДОРЖ