2022 ОНЫ ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

2022-01-10  

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, аваргуудаа өнөөдөр шалгарууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан 10 дахь удаагийн энэхүү тэмцээний анхан шатанд 5272 оролцогч (сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2021.11.20-21), хагас шигшээ тэмцээнд 645 (аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2021.12.11-12), шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатар сонирхогч оролцож, улсын аваргын төлөө оюун ухаанаа уралдуулав.

Ингээд эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Э.Түвшинтөгс (20 нас) 7.0 оноогоор тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч С.Санждорж (72 нас) 6.5 оноогоор хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Б.Доржсүрэн (21 нас) 6.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарав.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Г.Санчирдулам (18 нас) 6.5 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Г.Батчимэг (23 нас) 6.5  оноогоор шалгарсан бол Орхон аймгийн оролцогч Г.Хулан (25 нас) 6.0  оноогоор гуравдугаар байр эзэллээ.

Хоёр өдрийн турш оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглосон бөгөөд эхний гурван байранд шалгарсан дээрх оролцогчид спортын дэд мастер цолын болзлыг хангаад байна.

Эрэгтэй ангиллын IV, V, VI байрт Г.Эрдэнэбаяр (6.5 оноо), С.Жаргалсайхан (6.0 оноо), А.Дөлгөөн (6.0 оноо), эмэгтэй ангиллын мөн IV, V, VI байрт Э.Батсувд (6.0 оноо), Т.Түмэн-Энх (6.0 оноо), Т.Мандах (5.0 оноо) нар тус тус шалгарав.

Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Д.Энхжаргал (50+), Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Оюунбаатар (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Д.Мөнхзаяа (50+), М.Жаргалсайхан (65+) нарыг тодруулсан юм.

Түүнчлэн эрэгтэй ангилалд М.Нямлхагва (1800-аас доош), Г.Чинзориг (рейтинггүй), эмэгтэй ангилалд Э.Болор-Эрдэнэ (1600-аас доош), Ё.Болормаа (рейтинггүй) нар тусгай шагналын эзэд боллоо. Шагналыг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан нар гардуулав.

Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тус хорооны маркетингийн комиссын гишүүн Б.Наранбаатар нар оролцож, Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэнг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор, тус хэлтсийн референт Д.Ням-Осорыг МҮОХ-ны “Алтан медаль”-иар шагнасан юм.

Энэ үеэр болсон нэг онцлог үйл явдал бол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн зөвлөх Г.Алтан-Очид МҮОХ-ны “Алтан Очир” одон гардуулсан юм. ФИДЕ болон Азийн шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан, МҮОХ-ны гишүүн асан, олон улсын шилэгдмэл шүүгч, олон улсын хэмжээний мастер, “Бөртэ чоно” цомын хоёр удаагийн эзэн Г.Алтан-Оч нь Улаанбаатар 2003 Оюутны дэлхийн аваргын ерөнхий шүүгч, Катар 2006 Азийн наадмын шүүгч, Мехико 2007 оны Дэлхийн аваргын шүүгч (Азиас хоёр дахь), Макао 2007 “Азийн заан”-ы наадмын шүүгч, Дрезден 2008 Олимпийн шүүгч, Бээжин 2008 Оюуны спортын анхдугаар наадмын ерөнхий шүүгчээр тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Ийнхүү түүнийг Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж МҮОХ-ны “Алтан Очир” одонгоор шагналаа.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах арав дахь удаагийн тэмцээн амжилттай өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГУУД

Эрэгтэй ангилал

2013 он         Гомбожавын Саран-Эрдэиэ (Налайх)

2014 он         Болдын Мөнхбаяр (БЗД)

2015 он         Санжидын Алтангэрэл (Налайх)

2016 он         Баасанжавын Цэцэнбаатар (Хөвсгөл)

2017 он         Энхээгийн Энх-Амгалан (Мончесс)

2018 он         Ганболдыи Амарсанаа (Хэнтий)

2019 он         Алтанхуягийн Золжаргал (Орхон)

2020 он         Дашдаваагийн Дүүрэнжаргзл (Дорнод)

2021 он         Нармандахын Билгүүн (Өмнөговь) онлайн

2022 он         Энхтунгалагийн Түвшинтөгс (Говьсүмбэр)

Эмэгтэй ангилал

2014 он         Гэрэлчулууны Номин (Сэлэнгэ-Өмнөговь)

2015 он         Төмөрбаатарын Март (Дархан-Уул)

2016 он         Жаргалантуулын Даваасүрэн (ХУД)

2017 он         Ганбаатарын Отгонтуяа (Хөвсгөл)

2018 он         Эрдэнэбаатарын Одгэрэл (Дорноговь)

2019 он         Өсөхбаярын Уянга (Баянзүрх)

2020 он         Батнасангийн Халиун (Өмнөговь-НШХ)

2021 он         Рустемийн Айганым (Баян-Өлгий) онлайн

2022 он         Ганболдын Санчирдулам (ХУД)

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?