AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоо /ОУСБХ/-ны ээлжит бус хурал өчигдөр Швейцарийн Лозаннь хотноо болжээ. Тус хурлаар мэргэжлийн боксын тамирчдыг РИО-2016 олимпийн наадамд оролцох асуудлыг хэлэлцэн 88 орны төлөөлөгчдөөс 84 нь дэмжиж 95 хувийн саналаар “Рио-2016” олимпийн наадамд мэргэжлийн боксчдыг хориг саадгүй оролцуулах түүхэн шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр Монголын тамирчдаас Лондон 2012 олимпийн наадмын мөнгөн медальт, АНУ-ын мэргэжлийн клубын тоглогч, Гавьяат тамирчин Н.Төгсцогтод РИО-гийн олимпод өрсөлдөх боломж нээгдэж байгаа юм. Мэргэжлийн боксчид долдугаар сарын 3-8-ны өдрүүдэд Венесуэлийн Варгас хотноо зохиогдох тэмцээнд олимпийн эрхийн төлөө өрсөлдөх ажээ.
А.САЯН