Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтний толгойн хэсгийг бүрсэн арьсыг тээрхийн арьс гэж нэрлэнэ.
Тээрхийн арьс ямар үүрэгтэй вэ?
Тээрхийн арьс нь хамгаалах үүрэгтэй. Учир нь тээрхийн арьсны дотор талд нь байх булчирхайнаас шүүрэл ялгарч тээрхийг чийглэснээр арьс чөлөөтэй эргэх, шамрах бөгөөд мөн гадны бичил нянгаас хамгаалах орчныг бүрдүүлнэ. Тээрхий нь маш мэдрэг хэсэг тул гадны цочролоос хамгаална.
Тээрхийн арьс хэдэн настайгаас чөлөөтэй шамарч байх ёстой вэ?
Хүүхэд 16 нас хүртэл бүхий л эрхтний хөгжил өдөр бүр явагдаж байна. Зарим хүүхдэд 2-3 насанд чөлөөтэй эргэж шамарч байхад заримд нь нарийхан, бариу, хүчээр шамлах шаардлагатай байдаг.
Тээрхийн арьс шамрахгүй байх нь эмгэг үү?
Хүүхэд насанд энэ нь эмгэг өвчин биш. Хүүхэд бүрийн бие, эрхтний өсөлт хөгжилт нас насандаа яг адилгүй. Хүүхэд ойр ойрхон бага, багаар тасалж шээх, шээхдээ дүлэх, шээх үед нь тээрхийн үзүүрт арьс нь "бөмбөлөг” хэлбэрээр пөмбийх, эсвэл үе үе улайж, эвгүй үнэртэй ялгадас гарах зэрэг шинж илрээгүй тохиолдолд энэ нь аль ч насанд эмгэг өвчин биш. Харин дээрх зовиур илэрвэл хүүхдийн эмч, хүүхдийн мэс заслын эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. Дээрх зовиур илэрсэн тохиолдолд эмч мэс заслын бус эмчилгээ эхэлж хийнэ.
Судалгаагаар зовиур илэрсэн 100 хүүхдээс дунджаар 3 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийгдэх заалт гарч болно. Харин бусад 97 хүүхэд нь мэс заслын бус эмчилгээгээр эмчлэгдэх боломжтой. Манай эцэг, эхчүүд чөлөөтэй эргэхгүй байгаа арьсыг мэс заслаар авахуулах шаардлагатай гэсэн буруу ойлголттой байдаг. Бидний туршлагаас 2009-2015 онд 300 гаруй хүүхдэд эмч массаж эмчилгээг эмчилгээний дэглэмийн дагуу хийж ямар ч мэс засал хийх шаардлагагүйгээр бүрэн эмчилсэн.
Зарим тохиолдолд шашны урсгал, үзэл бодлын зөрүүтэйгээс шалтгаалж тээрхийн арьсыг өөрсдийн хүсэлтээр авахуулж байна. Мэс засал хийж авсан арьсанд эдийн шинжилгээ хийхэд эрүүл байдаг тул бид яагаад хүүхдээс эрүүл арьсыг нь авах гэж? Яагаад зарим эмнэлгүүд эцэг, эхийн хүсэлтээр нь мэс засал хийж арьсыг нь аваад байж болохгүй.
Арьсыг нь авснаар ямар эрсдэл үүсэх вэ?
Хамгийн мэдрэг хэсгийг хүүхэд үед нь бүрж хамгаалж байдаг арьсыг нь авснаар байнга цочирч хөвчрөнө. Хүүхэд мэдрэмтгий, эвгүй байдлын улмаас бэлэг эрхтнээ байнга барьж оролдсоноос гараар халдвар дамжиж үрэвсэнэ. Эрт эхэлсэн хөвчрөлийн улмаас булчин сульдаж бэлгийн сулралтай болгох эрсдэлтэй. Эрдэмтдийн судалгаагаар бэлгийн сулрал хэмээх эмгэг ихэсч байгаагийн дотор хүүхэд насандаа тээрхийн арьсаа авахуулах хагалгаа хийлгэсэн хүмүүсийн тоо багагүй байдаг.
Зөвлөгөө
Таны хүүхдийн өсөлт, хөгжилт байнга үргэлжилж байгаа тул тээрхийн арьс мөн тэлж хөгжин, чөлөөтэй эргэх болно. Хүүхдэд дээр дурдсан зовиур илрээгүй тохиолдолд наснаас хамаарахгүйгээр ямар ч эмчилгээ шаардлагагүй, харин усанд оруулах, угаахдаа тээрхийн хэсгийг зайлж, арьсыг нь зөөлөн хойшлуулж угаана.
Харин насанд хүрэгчдэд арьс нь шамрахгүй байгаа тохиолдолд цаг алдалгүй үзүүлж эмчлүүлэхгүй бол бэлэг эрхтний хорт хавдрын шалтгаан болох аюултай.
ТӨРИЙН ШАГНАЛТ ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ Ч.ЭРДЭНЭЦЭЦЭГ