Хариу тоглолт 3:1. Хоёр тоглолтын ийлбэр дүн 3:2. Багийн ахлагч Бенземагийн 61, 76, 78 дахь минутанд угсруулан оруулсан 3 гоолын ачаар Реал Мадрид Аваргуудын Лигийн шигшээ наймд шалгарлаа. - Бид талбай дээрээ 1:0-ээр хожсон. Хариу тоглолтын эхний үед Мбаппе гоолдож, 2:0-ээр бид хошуучилж байлаа. Бүх багаараа үлдсэн 45 минутанд хамгаалахад л ялах байлаа. Бид тактикийн асар том алдаа гаргалаа. Ялангуяа эхний гоолыг бид Бензэмад бэлэглэсэн нь Реал Мадрид багийг бүхэлд сэргээж, Бернау цэнгэлдэх хүрээлэн доргисон гэж ПСЖ багийн ахлагч Маргинхос харамссан. - Бид ялалтаа хамар дороосоо алдлаа. Харамсалтай. Одоо яая гэхэв. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөлтэй биш. Ийм сайн, шилдэг тоглогчид, ийм сайн тоглолт. Бүгд талаар боллоо. Мессиг бид багтаа яах гэж авчирсан юм бэ? Ганцхан зорилготой. Аваргуудын Лигт түрүүлэх. Энэ зорилгоо бид биелүүлж чадсангүй. Тоглогчдыг буруутгах аргагүй. Тэд бүхнээ хийсэн. Алдаандаа дүгнэлт хийх цаг болсон. Поччеттино дасгалжуулагч багаа ялалтанд хүргэж удирдаж чадсангүй. Ялалтыг ялагдал болголоо. Ямар ч гэсэн Францын Лигтээ түрүүлэх шаардлагатай.Тэгэж байж дасгалжуулагчийн асуудлыг ч шийдвэрлэнэ гэж ПСЖ багийн спортын асуудал хариуцсан захирал Леонардо хэллээ. - Хэцүү тоглолт болно гэдгийг мэдэж байсан. Талбай дээрээ дахин нэг гоол алдсаны дараа байдал бүр хүндэрсэн. Ердөө л 45 минут л үлдсэн. Бензема тоглолтыг эргүүллээ. Тэр бол гайхалтай тоглогч, бас манлайлагч. Бензэмагийн эхний гоол тоглолтыг эргүүлсэн. Тэр мөчөөс бид тоглолтыг бүрэн хяналтдаа барьж, өөрийн нөхцөлийг тулгаж эхэлсэн. Гэхдээ тоглолт бүрт эргэлтийн эгзэгтэй мөч, гоол гэж байдаг. Тэр нь эхний гоол байлаа гэж РМ багийн дасгалжуулагч Анчелотти тодотголоо. - ПСЖ бол аль ч багт шахуулах баг биш гэдгийг мэднэ. Шахлаа гээд тэд сандрахгүй түвшиний тоглогчидтой. Гэхдээ бид завсарлагаар маш зөв тактик боловсруулсан. ПСЖ багийн Мбаппе, Нэймар, Месси гурвыг эх биенээс нь тасалсан. Энэ холбоог нь салгасан. Тэгээд л талбайн өнцөг булан бүрт бусдыг нь шахсан. Бид байгаа бүх хүчээ шавхсан. Үр дүнд нь сэтгэл зүйн давуу байдал үүсгэж, хожлоо булааж авч чадлаа гэж Бензема тоглолтыг дүгнэлээ. Ийнхүү Аваргуудын Лигийн шигшээ наймд Реал Мадрид баг дахин эргэн ирлээ.
Б.ПҮРЭВДОРЖ