Энэ сарын 25-27-ны өдрүүдэд Ширээний теннисчид 2021 оны аваргаа тодруулна. Тэмүүлэн, Эрдэнэбаяр, Сэр-Од, Мөнхзориг (эр), Ундрам, Болор-Эрдэнэ, Должинзуу, Балжинням (эм) нарын шигшээ багийн тамирчид Кан Дун багшийн удирдлага дор УАШТ-д оролцох бэлтгэлээ базааж буй. Улсын аваргад аймаг, хотоос шалгарсан шигшээ тамирчид хурд, хүчээ сорино. 2020 оны аварга Эрдэнэбаяр, Ундрам нар аваргаа хамгаалах уу, шинэ аварга мэндлэх үү, улсын 4 удаагийн аварга Я.Бэгз, Э.Лхагвасүрэн нар таван удаагийн аварга Т.Болдын рекордтой зэрэгцэх үү, Билэгт, Баярмагнай нар хошой аваргын амжилтаа ахиулах уу ? гэдэг олон асуултанд 2021 оны УАШТ хариу өгнө. Энэ удаагийн УАШТ нь дөрвөн үеийнхний өрсөлдөөн болно. Гэхдээ сүүлийн жилийн хугацаанд зохиогдсон тэмцээний амжилтыг харвал залуучуудын үе тэргүүлэх магадлал өндөртэй. Улсын аваргад Эрдэнэбаяр түрүүлсэн бол, Холбооны цомын аваргад түүний дээд үе болох улсын хошой аварга Билэгт аваргалсан. Саяхан болж өнгөрсөн Дээд Лигийн тоглолтын нэгбүрчилсэн эрэгтэй төрөлд Тэмүүлэн түрүүлж, Сэр-Од удаалж, Билэгт гуравт, Лхагвасүрэн дөрөвд эрэмблэгдсэн. Харин эмэгтэй нэгбүрчилсэн төрөлд Балжинням түрүүлж, Батхишиг удаалж, Должинзуу, Болор-Эрдэнэ нар араас нь эгнэсэн. - Залуучуудын бэлтгэл ханасан. Энэ удаагийн УАШТ-аас орчин цагийн теннис гэдгийг үзэгчид харах боломжтой. Хэсгийн тоглолтууд "Оч" төв клубт, шигшээ тоглолт Спортын ордонд болно гэж Холбооны нарийн бичгийн дарга С.Галбадрах Sportlife.mn-д мэдээллээ.