АНУ-д ажиллаж, сурч, амьдардаг Монголчууд жил бүр ширээний теннисний аваргаа шалгаруулдаг уламжлалтай аж. 11 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнээ 2022 оны дөрөвдүгээр сарын 17- ний өдөр Юта мужийн Солт Лейк хотод зохион байгуулах тов гарчээ. Тус тэмцээнийг угтаж Лос Анжелесийн орчимд амьдардаг монголчууд ширээний теннисний аваргаа энэ сарын 20-нд Лос Анжелес хотын Ширээний теннисний холбооны зааланд зохион байгуулсан байна. Тэмцээний ганцаарчилсан төрөлд эмэгтэйчүүдээс Д.Гантуяа, Д.Алтмаа, Байгаль, эрэгтэйчүүдээс Б.Баяртулга, Батмандуул (Сакраменто хот), Эрдэнэхүү нар эхний гурван байр эзэлж, алт мөнгө хүрэл медалийн эзэд болж, батламж гардан авчээ. Тус тэмцээний үеэр Лос Анжелес хот дахь Бирмийн теннисний холбооны төлөөлөгчид зочилж , долоо хоног бүр өөрсдийн спорт зааланд нөхөрсөг уулзалт тэмцээн зохиох, хоёр орны уламжлал, соёлыг харилцан танилцуулах, нийгэмлэгүүд хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Лос Анжелес хот дахь Монголын ширээний теннисний холбоо ч уг хамтран ажиллах саналыг дэмжих сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Сонирхуулахад, уг тэмцээнд түрүүлсэн Б.Баяртулга ЛА хот дахь ширээний теннисний холбооны тэргүүнээр ажиллахаар болсныг удахгүй Солт Лейк хотод баталгаажуулсны дараа албан ёсоор нийтэд зарлах болсныг АНУ дахь Монголын ширээний теннисний холбооны салбарын тэргүүнээр ажиллаж буй Д.Лхагва Sportlife.mn сайтад мэдээллээ. Зураг дээр: АНУ дахь МШТХ-ны салбарын тэргүүн Д.Лхагва тус тэмцээнд оролцогчдын хамтаар.