Ньюкастле багийг 5:1-ээр хожсоноор Арсенал багтай оноо тэнцэж (54), гоолын зөрүүгээр хүснэгтийн топ-4 -д Тоттенхэм баг энэ улиралд анх удаа бичигдлээ. Хэдийгээр Арсеналын өмнө бичигдсэн ч, Арсенал 2 тоглолт дутуу гэдгээрээ Тоттенхэмээс давуу буй. Арсенал өнөөдөр Кристалл Паластай тоглолтой. Тэд хожих, эс бөгөөс тэнцэх аваас Тоттенхэмийн өмнө дахиад л бичигдэнэ. Гэвч Конти үүнд санаа бага зовж буйгаа илэрхийллээ. - Яг зургаан сарын өмнө Тоттенхэм багийг авсан. Ямар нэгэн зорилго тавихад маш хүнд нөхцөлд хүлээн авсан. Түүнтэй харьцуулбал нөхцөл байдал эрс дээшилсэн. Зургаан сарын хөдөлмөр үр дүнгээ өгч эхэллээ. Би тоглогч бүртэй чин сэтгэлээсээ харьцдаг. Тоглогч дасгалжуулагчийн хооронд итгэлцэл үүссэн. Хамтдаа чадна гэдэгт багаараа итгэсэн, бас зүтгэсэн. Энэ бол хамгийн чухал нь. Анх ажлаа авч байхад Тоттенхэм 9-д бичигдэж байсан. Одоо 4-д. Аваргуудын Лигт тоглох эрхийг авах нь Премьер Лигт амаргүй. Гэхдээ бид улирлын сүүлчийн тоглолтыг дуустал энэ эрхийг авахын төлөө бүх хүчээ дайчлах болно. Одоо Астон Виллатай хийх дараагийн тоглолтонд анхаарах цаг. Үлдсэн 11 тоглолт бүрийг бид хожиж чадах аваас Тоттенхэм баг зорилгодоо хүрнэ гэж Конти ВВС-д хэллээ.