Өнгөрсөн улирлын Европа Лигийн аварга, өнөө улирлын Ла Лигийн хүснэгтэд долоод эрэмблэгдэж буй Испанийн даруухан Вилльярил баг Аваргуудын Лигийн зургаан удаагийн аварга Байер Мюнхен-ийг хожиж, түүхэндээ анх удаа Аваргуудын Лигийн шөвгийн дөрөвд шалгарлаа. 16 жилийн өмнө л Аваргуудын Лигийн шигшээ наймд үлдэж байсан амжилтаа Унай Эмери дасгалжуулагчийн удирдлага дор ахиуллаа. Эхний тоглолтоо талбай дээрээ 1:0-ээр хожиж, хариу тоглолтондоо 1:1-ээр тэнцсэнээр Унай Эмеригийн хөвгүүд Реал Мадрид багийн хамт Аваргуудын Лигийн цомыг өргөх тэмцээнээ үргэлжлүүлэх эрхийг олж авлаа. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Ливерпуль- Бенфика багийн ялагч нь байх юм гэж онолын хувьд хэлэх ч , эхний тоглолтыг 3:1-ээр хожсон Ливерпуль байх нь үндсэндээ ойлгомжтой болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж буй. - Бид аргагүй ялагдлаа. Хэдийгээр бид зөв тактик боловсруулж, гоолын зөрүүг арилгаж, оноог тэнцүүлсэн ч, төгсгөлийг хийж чадсангүй. Тэднийг эхний минутаас тоглолт дуустал шигүү хамгаална гэдгийг тооцож байсан. Тэр хамгаалалтыг сэт цохиж чадсан ч, хариу гоол алдсанаар тэмцээнээ өндөрлөлөө гэж Нагелшмэн тоглолтыг дүгнэлээ. - Бид айлын талбайд илүү тоглож буй. Ювентустай талбай дээрээ 1:1-ээр тэнцэж, хариу тоглолтонд 4:1-ээр хожсон. Энэ удаад ч гоолын зөрүүгээ хадгалж чадлаа. Нэмэлт цаг гарсан бол амаргүй л болох байлаа. Хөвгүүд маань тун сайн тоглолоо. Аваргуудын Лигийн шигшээ дөрөвд анх удаа Вилльярил баг шалгарлаа. Энэ бол бидний эцсийн зогсоол биш гэдэгт итгэж байдаж байна гэж Унай Эмери хэллээ.
Б.Пүрэвдорж