ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД КАЗАХСТАНААС 3 АЛТ, 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

2022-06-06  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Алмата хотноо Болат Турлыхановын нэрэмжит чөлөөт  бөхийн дэлхийн чансааг олгох тэмцээнд Монголоос 10 тамирчин оролцсноос 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай эх орондоо ирж байна.

Тус тэмцээний сүүлийн өдөр "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 65 кг жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр Алматыгийн дэвжээнд 1/4 шигшээд Тажикистаны Комрон Холовыг 11:0-ээр, хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт Узбекистаны Умиджон Жалиловыг 5:1-ээр, финалд Азийн аваргын хошой хүрэл медальт, Узбекистаны Аббос Рахмоновыг 9:1-ээр тус тус ялж аваргалсан юм. Т.Тулгын хувьд 65 кг-д дэлхийн чансааны аман хүзүүнд бичигдэж буй бөгөөд Казахстанд түрүүлснээр жиндээ тэргүүлэх нь тодорхой болж байна.

Мөн энэ өдөр 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж 74 кг-д мөнгөн медаль хүртэв. Шөвгийн наймд Египетийн Амир Рамадан Хуссенийг цэвэр, хагас шигшээд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Навеен Навеенийг 7:6-гаар ялж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Европын аварга Словакийн осет гаралтай Таймураз Салказановт 0:8-аар ялагдлаа.

Болат Турлыхановын нэрэмжит цомын тэмцээнд 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл 125 кг-д хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр шөвгийн наймд Азийн аваргын хошой мөнгө, хоёр хүрэлтэй, эзэн орны Алишар Ергалиг 3:2-оор ялсан ч хагас шигшээд "Токио-2020" олимпын хүрэл медальт, Ослогийн дэлхийн аварга Ираны Амирхоссейн Заред 0:3-аар ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд  2021 оны Азийн аварга Олег Болтинийг 2:2-оор ялснаар шагналын тавцанд зогсов. Лхагваа өнгөрсөн жил Ослод дэлхийн медальтан болохдоо түүнийг ялсан бөгөөд энэ удаа нутагт нь дахин ялав. Түүний хувьд хилийн чанадад болсон сүүлийн 3 тэмцээнд дараалан медаль хүртээд байна. Стамбул, Москвад үзүүрлэсэн.

"Токио-2020" олимпын наадам, "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт "Женко" клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа Алматагаас багийн 2 дахь алтан медалийг авчирлаа. Тэрбээр эзэн орны Айша Улишан, Азербайжаны Лейла Гурбанова, Казахстаны хашир туршлагатай бөх Жюлдиз Эшимова зэрэг бүх өрсөлдөгчөө цэвэр ялав.

Түүний хувьд 2022 он гарснаас 4 дэх тэмцээндээ дараалан аваргалж байна. Б.Болортуяа нэгдүгээр сард Красноярскт Иван Ярыгины ОУТ, хоёрдугаар сард Стамбулд Яшар Догугийн ОУТ, өнгөрсөн сард Москвад "Мэргэжлийн бөхийн лиг"-т тус тус түрүүлээд байгаа юм.

Болат Турлыхановын нэрэмжит тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, "Хасу-Мегастарс" клубын тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртэв.

Тэрбээр 1/4 шигшээд Азербайжаны Туркан Насироваг цэвэр дарж, хагас шигшээд Казахстаны Айгул Нуралимыг 10:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Жасмина Иммаеваг цэвэр ялж аварга боллоо.

Энэ жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Женко" клубын тамирчин ОУХМ Долгоржавын Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Светлана Анкичеваг 8:4-өөр яллаа. Уг жинд манай 2 бүсгүй финалдах бүрэн боломжтой байсан ч Д.Отгонжаргал үдээс өмнө хагас шигшээд Узбекистаны Иммаевад 6:6-гаар харамсалтай дийлдсэн юм.

Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааг олгох тэмцээний эхний өдөр 68 кг-д 2021 оны Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг мөнгө, 62 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа, 68 кг-д Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медалийн эзэн болов. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?