САУДЫН ШЕЙХҮҮД ХӨГШРӨЛТИЙГ УДААШРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛНА

2022-06-17  

Саудын Аравийн хааны гэр бүлийнхэн хөгшрөлтийн биологийн үйл явцыг судлах судалгааны ажилд 1 тэрбум доллар хандивлахаар шийдвэрлэжээ. Үүний тулд Hevolution Foundation гэдэг ашгийн бус санг байгуулсан бөгөөд одоо эрдэмтдийн өмнө хүмүүсийн насыг уртасгах аргыг олох гэсэн тов тодорхой зорилт тулгарч байна.

Өмнө нь, хөгшрөлтийг удаашруулах аргыг олохоор Google-ийг үүсгэн байгуулагч Ларри Пэйж, Amazon группын тэргүүн Жефф Безос болон дэлхийн бусад баячууд оролдсоор ирсэн бол одоо Арабын хамгийн баян орны шейхүүд уг асуудлыг шийдэхээр зоригложээ.   

Шинээр байгуулагдсан сангийн талаарх мэдээлэл одоохондоо хомс байна. Сангийн цахим хуудсанд бичсэнийг үзвэл “хүн бүр эрүүл, урт удаан амьдрах эрхтэй, гэтэл хөгшрөлтийн асуудал, өвчинд өртөмхий ахимаг насны хүмүүсийн асуудлыг шийдэх тал дээр орчин үеийн анагаах ухаан илт хоцорч байна. Хүн төрөлхтний хувьд хамгийн том сорилт болж буй уг асуудлыг шинжлэх ухаан, бизнес хоёр хамтраад шийдэх боломж бий” гэжээ.

Тус сангийн үйл ажиллагааг дэлхийн хамгийн том судалгааны төвүүдийн нэг болох Mayo Cliniс-ийн дааврын эмгэг судлаач /эндокринологич/ Мехмуд Хан удирдаж байна. 

Эрүүл удаан чанартай амьдрал

Угтаа бол үхэшгүй мөнхөд амьдрах тухай бус харин хүмүүсийн насыг уртасгаж, амьдралынх нь чанарыг дээшлүүлэх асуудал яригдаж байгаа юм. Энэ нь шинжлэх ухааны зөгнөл мэт санагдаж болох хэдий ч хүн төрөлхтөн уг асуудлыг алгуур боловч шийдсээр ирсэн байдаг. Ердөө 100 жилийн өмнө хүмүүс дунджаар 30 насалж /хөгжингүй орнуудад 50 нас/ байсан бол одоо дэлхий даяар дундаж нас 72-д хүрчээ. Өөрөөр хэлбэл, 100 жилийн дотор хүний дундаж наслалт 2 гаруй дахин нэмэгдсэн гэсэн үг.  НҮБ-ын хийсэн судалгаагаар, 2050 он гэхэд хүмүүсийн нас 5 жилээр уртсах төлөвтэй байна.

Хөгшрөлтийн явцыг удаашруулах боломж бий гэдгийг  олон эрдэмтэд хэлдэг. Хэрвээ бие организм гундах үйл явцын хурдыг сааруулж чадваас хүмүүс бид нас баралтын шалтгаан болж буй олон төрлийн өвчинд тэсвэртэй болно. М.Хан-ы ярьснаар, Hevolution сан хөгшрөлтийн шалтгааныг тогтооход чиглэсэн суурь судалгаа, эм ба эмчилгээний аргуудыг турших ажилд санхүүгийн тусламж үзүүлэх ажээ.

Гэхдээ эхний ээлжинд ямар төслүүдийг санхүүжүүлэх вэ гэдгээ сангийн удирдлага тодорхой зарлаагүй байна. Харин MIT Technology Review сэтгүүлд бичсэнээр, ойрын үед 100 сая долларыг X Prize корпорацид олгож магадгүй ажээ.

Эхний судалгаанууд

Юуны түрүүнд, TAME /Targeting Aging with Metformin/ гэдэг эмчилгээний аргын талаар яригдаж байна. Энэ нь “хөгшрөлтийг метформиноор ялан дийлэх” гэсэн утгатай англи үгсийн товчлол юм.

Метформин гэдэг нь чихрийн шижин өвчнөөр шаналж буй хүмүүст зориулан олон жилийн өмнө гаргаж авсан хуучин эм юм. Харин уг эмийг хэрэглэж буй өвчтөнүүд эрүүл хүмүүсээс илүү урт насалж байгааг Их Британийн эрдэмтэд анзаарсан байна. Үүний дараачаас метформин нь хөгшрөлтийн явцыг саатуулдаг байж магадгүй хэмээн үзэх болов. Гэвч ийм таамаглалыг батлахын тулд өргөн хэмжээний судалгаа явуулах хэрэгтэй, үүнд асар их мөнгө шаардлагатай.

ТАМЕ технологийг туршихаар төлөвлөж буй Нью-Йорк дахь А.Эйнштейний нэрэмжит Анагаах ухааны сургуулийн судлаач Нир Барзилай-гийн ярьснаар бол, Hevolution сангаас уг төслийн зардлын 1/3-ийг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.  Судалгааны хүрээнд эрдэмтэд АНУ-ын 16 бүс нутагт амьдарч буй 65-аас дээш насны 3,5 мянган хүнийн биеийн байдалд ажиглалт хийнэ. Ингээд 5-6 жилийн дараа, метформин хэрэглэсэн хүмүүс зүрхний өвчин, тэнэгрэл, хорт хавдарт өртөх нь эмийг хэрэглээгүй хүмүүстэй харьцуулахад үнэхээр бага байна уу гэдгийг тодорхойлох ажээ.

Янз бүрийн өвчнөөс үүдэлтэй биологийн хөгшрөлтийг удаашруулах аргуудыг судлах замаар эрүүл удаан амьдрах шийдлийг эрж хайх зорилго бүхий геросайэнс хэмээх анагаах ухааны салбарын эрдэмтэд нэгэн сонирхолтой таамаглалыг дэвшүүлсэн байдаг: “Зарим төрлийн эмнүүд эсүүдийн дотор явагдаж буй хөгшрөлтийн үндсэн үйл явцуудыг өөрчлөх замаар хорт хавдар, Альцгеймерийн өвчин гэх мэт өвчнүүд үүсэж эхлэхийг саатуулж хойшлуулдаг”. Тэгэхээр дээрх судалгааны дүн нь энэ таамаглал үнэн эсэхийг батлах ёстой.

Ташрамд дурдахад, геросайэнс гэдэг нэр томьёог АНУ-ын Эрүүл мэндийн Үндэсний хүрээлэнгийн хөгшрөлтийн биологийн тасгийн эрхлэгч Фелипе Сьерра анх гаргаж иржээ.

Одоогоор метформин үнэхээр дээр дурдсан шиг үр дүнтэй юү гэдэг нь тодорхойгүй байгаа. Чихрийн шижинтэй хүмүүсийг хамруулан удаан хугацаанд явуулсан нэгэн судалгаагаар, уг эм нь зүрхний өвчнөөс хамгаалдаггүй болох нь тогтоогдсон. Хэрвээ метформин нь урт наслуулагч эликсир бэлдмэл биш гэдэг нь тогтоогдвол өөр эмнүүдийг судалж эхэлнэ.

Тухайлбал, дархлааг дарангуйлагч рапамицин гэдэг эм нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд туршилтын хулгануудын насыг уртасгаж байсан гэх яриа бий. Уг эмийг тэжээвэр ноход дээр ч туршиж байв. 2019 онд хүмүүс дээр хийсэн туршилт амжилтгүй болсны учир нь, рапамицин эм нь ахимаг настай хүмүүсийн амьсгалын замын халдварыг эсэргүүцэх чадварыг сайжруулж чадахгүй байжээ. Ер нь бол, ямар нэгэн эм хөгшрөлтийг саатуулдаг гэх таамаглалуудыг эрдэмтэд өнөөг хүртэл баталж чадаагүй байгаа юм. 

Хөгширдөггүй шейхүүд

Hevolution сангаас 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээр Саудын Арави улс хөгшрөлтийг судалдаг шинжлэх ухааны хамгийн том ивээн тэтгэгч, биотехнологийн компаниудын томоохон хувьцаа эзэмшигч болно. Ингэснээр амьдралыг уртасгагч эмний анхны хэрэглэгчид нь тус улсын иргэд байх нь лавтай. Харьцуулваас, АНУ-ын Хөгшрөлтийг судлах үндэсний төвийн хөгшрөлтийг биологийг судалдаг салбар гэхэд жилд 325 сая долларын төсөвтэй.

Арабын шейхүүд дээрх судалгаанд онцгой анхаарал хандуулж буй учир нь залуу үеийнхээ ирээдүйн төлөө ихэд санаа зовж буйтай холбоотой. Hevolution сангийн тайланд дурдсанаар, Персийн булангийн орнуудын иргэд цаг биологийн хувьд илүү хурдан хөгширч байгаа ажээ. Үүний шалтгаан нь элбэг хангалуунаас үүдэлтэй өвчинтэй холбоотой гэнэ. Товчхон хэлбэл, илчлэг өндөртэй хоолыг хэт ихээр идэхийн зэрэгцээ дасгал хөдөлгөөн бага хийдэг гэсэн үг.

Хэдийгээр Саудын Аравийн иргэдийн дундаж нас 31 буюу харьцангуй залуу боловч тэдний дунд таргалалт, чихрийн шижин гэх мэт эмгэгүүд илрэх нь түгээмэл болжээ. 2019 онд Saudi Medical Journal сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгааны дүнд үндэслэн Эрүүл мэндийн яам “дээрх эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг хянахад чиглэсэн хөтөлбөрүүдийг яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Ингээд Саудын хааны зарлигаар Hevolution компанийг байгуулсан бөгөөд түүний захирлаар Саудын Аравийн угсаа залгамжилсан ханхүү Мухаммед бин Салман томилогдож, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд орос гаралтай Их Британийн бизнес эрхлэгч Евгений Лебедев, Америкийн тэрбумтан Рон Бэркл, АНУ-ын химийн аж үйлдвэрийн Dow Chemical корпорацийн ерөнхий захирал асан Эндрю Ливерис нар багтав. 2021 онд Hevolution компани Эр-Рияд хотод төвтэй сан болон өргөжсөн бөгөөд цаашдаа Хойд Америк, Европ, Азид салбаруудаа байгуулахаар төлөвлөжээ.  

Эх сурвалж: Монцамэ Б.Адъяахүү, Tass

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?