Д.ЦЭРЭННАДМИД: ХАРЦАГА ЦОЛТОЙ БӨХ ТҮРҮҮЛНЭ ГЭНЭ ҮҮ?

2022-06-22  

Улсын харцага, начин цолтонгууд хандивын барилдаан хийнэ – Shuur.mn

 Бөх сонирхогчдын дунд ийм яриа өрнөхийг сонслоо. Түрүүлж ч мэднэ, үгүй ч байж мэднэ. Наадамд хэн түрүүлэхийг таадаг цаг бөхийн хөгжлийн явцад хол хоцорсон байх. Наадам дөхөхөөр хэн хүнгүй хэдэн бөхөө бодолдоо “барилдуулж”, цээжиндээ чимээгүйхэн цоллоод л ... тэр түрүүлнэ. Энэ нь үзүүрлэнэ гэж дор бүрнээ таавар дэвшүүлж суудаг. Энэ бол наадмын өмнөх наадам юм даа. Бөхийн хорхойтнуудын яриаг сонсохнээ янз бүрийн таавар тэнүүчилж явна. Тэр дотор энэ жил улсын харцага цолтой бөх түрүүлнэ гэсэн өнгөц тааварч дуулдана. Бичигч би үүнийг үгүйсгэх гээд зориг хүрсэнгүй. Монгол бөхийн түүхэнд зургаан залуу зааны үе гэж байсан шиг өнөө үед хэдэн харцага цолтон анхааралд өртөж байгаа нь үнэн л дээ. Тэмдэглэлт ой, заалны барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай нар түрүүлсэн нь цөөн биш. Бас Өвөрхангайн Х.Гантулга харцага ч сайн л байгаа. Ойрмогхон хоёр барилдаанд түрүүлж харагдсан. Тэгвэл Ховдын хоёр харцагыг гаргахгүй байгаа нэг бөх бол Сэлэнгийн харьяат, улсын харцага Б.Орхонбаяр. Тун сийрэгхэн барилдаантай өсөж яваа сайхан бөх. Бас хашир гарьд Ө.Бат-Орших хааяа гайгүй барилдчихаад байгаа. Т.Баасанхүү харцага гэж ёстой “дайсан” бий. Хэнийг ч дараагийн даваанд дэвүүлэхгүй зогсоож мэдэх нөхөр дөө. Тэгэхээр энэ дундаас чухам хэнийг нь түрүүлнэ гэхэд бэрх. Яагаад гэхээр тэд чинь зургаа, долоогийн даваанаас хоорондоо тунаад эхэлдэг шүү дээ. Хоёр, гурван тунааг даваад үзүүр, түрүүнд хэн нэг нь л хүрнэ. Амаргүй дээ. Наадам гэдэг заал тэнхимийн барилдаанаас өөр. Бөхчүүдийг наадмын өнгө, тэр өдрийн од хийморь нь түшдэг гэдэг. Нэгэн баримт хэлэхэд ноднингийн барилдаан их сонин болсон шүү дээ. Түрүүлсэн бөх улсын харцага Б.Бат-Өлзий гэхэд дандаа аймгийн цолтнуудыг давсан байдаг юм билээ. Үүнийг од нь гийсэн гэх үү. Ердөө л тохиолдол байж гэмээр. Наадам бүхэн тийм байхгүй биз. Зуун жилдээ зодоглоно гээд цаана чинь аваргууд ханхайлдаж байгаа. Дархан аварга Г.Өсөхбаяраас эхлээд Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нар наадам өнгө оруулж зангаргаа харуулж таарна. Даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс гээд түрүүлэхийн төлөө барилдацагаах биз. Лавтайяа зургаан аваргатай наадам болно байх. Гэтэл Дархан аварга А.Сүхбат “Би зүүнийг магнайлна” гээд зогсож байхаас сийхгүй л хүн. Зодог тайлчихаад дахин барилдаж Монголын бөхийн түүхэнд өөр өнгөтэй хуудас нэмсэн нөхөр. Түүний нэгэнтээ тайлаад шидчихсэн зодог шуудгаа өмсөөд дахин барилдсан нь хэн нэгэн цэргийн хүн би тэтгэврээ буцааж өгье гэсэнтэй адил явдал тэр жил болсоон. За тэгээд харцага цолтнуудад халгаатай аймгийн арслан олон бий. Зарим нөхөд нь улсын гарьд М.Бадарч түрүүлэх байх гэхийг сонслоо. Уг нь гарьд цолондоо дүүрэн барилдаад байгаа бөх бол тэр.Цаана нь гэвэл улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Пүрэвсайхан нар наадмаар цолныхоо эрэмбийг хадгалж мэдэх л бөхчүүд. Нэг олигтой мэдээ гэвэл Халимаг, Тува, Буриадын бөхчүүд Ардын хувьсгалын их ойд зодоглох хүсэлтээ ирүүлсэн дуулдсан. Тэд ирвэл наадмын бөх улам л өргөн дэлгэр өнгөтэй сайхан болох байх. Эцэст нь хэлэхэд Улсын баяр наадмын шинэчилсэн хуулиа хурдхан батлаасай билээ. УИХ-ынхан энэ сардаа л багтаах тухай хэлэх шиг болсон. Тэгж тулгаж баталсан хууль түмэнд хэзээ хүрч наадмыг сайхан болгоно гэдэг хэцүүхэн л санагдана. Хууль хэлэлцэх явцаас харвал УИХ-ын танхимд өрнөсөн хэрүүл, маргаан наадмын талбайдаа үргэлжилж магадгүй гэсэн болгоомжлол төрөх юм. Хэдий тийм ч наадам маань сайхан болоосой гэсэн билгэтэй ерөөлөөр хэлэх үгээ завсарлая.

Эх сурвалж: Зууны мэдээ сониноос

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?