Монгол улс анх удаа жудогийн Гранд слам-ыг Мөсөн өргөөнд амжилттай зохион байгууллаа. Гучин улс орны 279 жудочин ур чадвараа сорин өрсөлдсөн Улаанбаатар Гранд Слам-аас Парис -24 зуны олимпийн анхны оноог өгч эхэлсэн нь тус тэмцээний ач холбогдлыг өргөсөн. "Спорт бол улс төрөөс ангид байх ёстой. Энэ бол эв санааны нэгдэл" гэх зарчмыг баримталж Оросын тамирчдыг Улаанбаатар Гранд Слам-д оролцох эрхийг олгосон Олон улсын жүдо бөхийн гүйцэтгэх захирал Влад Маринеско :- Монгол улс нэр хүндтэй тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсанд баяр хүргэе. Тэмцээнийг дэлхийн 190 оронд шууд дамжууллаа” гэж тэмцээнийг хааж хэлсэн үгэндээ онцоллоо. Эхний өдрийн хэсгийн барилдаанд Японы шилдгүүд ээлжлэн ялагдаж, монголчууд толгой цохилоо. Татами дээр гарсан япончууд өөрсдийн алдаанаас болж нэг нэгээр хасагдаж байлаа. Гэсэн хэдий ч тэд шилдэг гэдгээ үзүүлж эхний өдрийн барилдаанаас анхны алтан медалиа зүүсэн.
НЭГ ЖИНД ГУРВАН ӨӨР ӨНГИЙН МЕДАЛЬ
Улаанбаатар гранд сламын анхны мөнгийг Г.Наранцэцэг , хүрлийг Э.Сумъяабазар, Б.Хорлоодой нар авч Монголчуудын медалийн буухиаг эхлүүлсэн. Харин - 66 кг-д Монголын гурван бөх өөр өнгийн медалиар энгэрээ чимсэн нь сонирхууштай үйл явдал боллоо. Аваргын төлөө барилдаанд Б.Эрхэмбаяр нутаг нэгт Г.Сод- Эрдэнийг ялснаар Монголын шигшээ багийн эхний алтан медалийг авчирсан. Тэгснээрээ Б.Эрхэмбаяр Их дуулгын алтан медальтан болсон. Дараа нь 2021 оны дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүү Молдавын Денис Виеруг торгуулиар ялснаар хүрэл медалийг атгаж амжсан. Нийтдээ Манай улсаас 54 тамирчин оролцсоноос 11 нь медалийн тавцанд зогслоо. Үр дүнд Монголын жудочид багаараа Японы ард гуравдугаар байрт жагслаа. -Анх удаа Гранд сламд оролцож, хүрэл медалийн эзэн боллоо. Хэдийгээр өрсөлдөгч маань бэртлийн улмаас медалийн төлөө барилдаагүй ч, миний хичээл зүтгэл үр дүнгээ өгсөнд баяртай байна гэж 78 кг-ийн жингийн хүрэл медальт О.Хүслэн сэтгэгдлээсээ хуваалцлаа. Улаанбаатар гранд слам-д амжилттай оролцсон багийн нэг бол Израйль. Тэд 11 тамирчинтай ирээд 6 нь медаль хүртсэн. Тэдгээрээс -100кг-ийн жинд медалийн эзэн болсон Петер Пальчик: Монголчууд гол өрсөлдөгч байлаа. Тэд хурдтай, хүчтэй байлаа. Өрсөлдөгчөө бяраар хүчрэхгүй бол арга, эв, мэхээр давах ёстой. Энэ зарчмын дагуу өрсөлдөгч бүртэй оноосон тусгайлсан төлөвлөгөөг боловсруулсан нь үр дүнгээ өглөө гэж Петер Пальчик хэллээ. - Бидэнд мөнгөн шагналаас илүүтэйгээр Парис-24 зуны олимпод оролцох эрхийг олгох "Оноо" юу юунаас ч чухал байна. Тамирчид маань бүх хүчээ дайчилсний эцэст багаараа түрүүллээ. Тамирчид маань ч боломжийг алдалгүй эхний оноонуудаа ч авлаа гэж ОХУ-ын тамирчин, дэлхийн аварга Абуладзе хэллээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин