Даян аварга, Н.Батсуурь, улсын аварга Бүрэнтөгс нар ид хаваа гайхуулж буй үе. Залгаад улсын аварга Мөнхбат, гарьд Бат-Орших, Жаргалбаяр, харцага Баасанхүү нар жагсаж буй. Хамгийн чухал нь Увс аймгийн бөхчүүд өндөр цолонд хүрсэн учир ам угтуулаа өөрсдөө зөөлчилж авах, тунааг тойрох бүрэн боломжтой давуу талтай. Дээр нь Увс аймгийн бөхчүүд том ойн одтой. Тухайлбал, Ардын хувьсгалын 90 жилээр С.Мөнхбат аварга, 70 жилээр О.Балжинням аварга, 60, 50 жилээр дархан аварга Х.Баянмөнх зэрэг Увс аймгийн бөхчүүд л түрүүлж байсан байдаг. 80 жилийн ойгоор Төв аймгийн А.Сүхбат түрүүлсэн ч , тэрбээр Увсын бөхчүүдийн багт нэгдсэн үе таарсан. Тиймээс түүхт 100 жилийн наадмын түрүүг Увсын бөхчүүд авахаар зүтгэх нь дамжиггүй.
ХОВДОД ГАРЦААГҮЙ ХОЁР ХҮЧТЭЙ ХАРЦАГА БИЙ
Аварга , арслангаас дутахгүй хүчтэй, тэдний энд барилддаг Б.Бат-Өлзий, О.Хангай гэдэг хоёр харцага бий. Жил бүрийн наадамд түрүүлэх, цол ахиулах бөхийн тоонд тэд багтдаг. Наадам өнжсөн жилийн барилдаанд Бат-Өлзий харцага түрүүлсэн ч, түүнд цол олгоогүй. Өнгөрсөн жилийн заалны барилдааны дийлэнхэд энэ хоёр харцага л өнгөлсөн. Түүгээр хэмжвэл Ховдын энэ хоёр харцагын нэг нь тэртээ 1940 онд түрүүлсэн нутгийнхаа Ш.Ванчинхүү арслангийн амжилтыг давтах магадлалтай.
АРХАНГАЙ АЙМАГ УВСЫН НОЁРХЛЫГ ТАСАЛНА
Ар, Өврийн хангай хүчтэнтэй. Дархан аварга Өсөхбаяр, улсын аварга Санжаадамба нарын харьж буй бөхчүүд зодоглоно. Тэд дээгүүр барилдахгүй. Гэхдээ түрүүлэх бөхийн тоонд улсын гарьд М.Бадарчийг нэрлэвэл зохино. Түүнээс гадна Өвөрхангайн их аварга Цэрэнтогтохыг санагдуулам барилдаан үзүүлж буй аймгийн арслан Мөнхжаргал Увсаас төрсөн Бүрэнтөгс аваргыг энэ жил дараалан хэд хэдэн удаа хаясныг санах нь зөв. Аварга, арслан, заан, харцага цолтой бөхчүүдтэй эн тэнцүү барилдаж буй аймгийн арслан Мөнхжаргал түүхт ойд түрүүлсэн байхад гайхах эргэлзэх зүйлгүй.
ХЭНТИЙН ОЮУНБОЛД, ХӨВСГӨЛИЙН СОДНОМДОРЖ, СЭЛЭНГИЙН ОРХОНБАЯР НАР Ч ХҮЧИЙГ ҮЗНЭ
Хэнтий аймгийн Э.Оюунболд арсланг түрүүлэх бөхийн тоонд хорхойтнууд нэрлэж буй. 22 насандаа наадамд ес даван түрүүлсэн Оюунболд 30 дөхөж, хий нь гарч, туршлагажсан. Допингийн шалгалтаар барилдах эрхээ хасуулсан байсан түүнд алдах зүйл нэгэнт байхгүй болсон. Эрх нь сэргэсэн тэрбээр хамгийн осолтой бөхийн тоонд орж буй. Тэр хэнийг ч хаяна. Наадмын сорилго барилдаанд Э.Оюунболд арслан үзүүрлэж, дээгүүр барилдана гэдгээ нотолсон. Тэр түрүүлэх магадлалтай. Эв нь таарвал түрүүлчих бөх бол яах аргагүй Содномдорж арслан. Хурд нь багахан саарсан ч, хүч нь хэвээр. Унаа холтой ч, барилдааны санаачилга дутуу гэж түүний алдааг хэлдэг. Яг түүний залуу үеийн барилдааныг санагдуулам бөх бол Сэлэнгийн Орхонбаяр харцага. Түүнээс ихийг хүлээж болно. Түрүүлэх харцагын тоог Орхонбаяр нэмж буй. Ийнхүү жил өнжсөн, 100, 101 жилийн хоёр наадам давхацсан түүхт их ойн баяр наадам туйлын өрсөлдөөнтэй, үзүүштэй болох нь. Хэнтэй тунах нь цол багатай бөхчүүдэд ач холбогдолтой бол том цолтой бөхчүүд ам угтуулаа зөв авах нь чухал барилдаан хүлээж байна.
Ц.ЭНХБАТ